Бүхнийг март, дахин эхэл, зоригоо чангал...

Өнгөрсөн мөч бүхэн сайхан бас муухай байсан байж болно. Өнөөдрийн өндөрлөгөөс түүнийг цэгнэх хэрэг юун. Амьдрал яг л гэрэл гэгээ шиг урсдаг, гэрэлтдэг. Амьдрал яг л дуун аялгуу шиг  дуулдаг, уянгалдаг. Амьдрал яг л аз жаргалын хаалгыг хэзээ ямагт нээгч мэт ээ...

Иймийн учир Амьдралын агуу их урсгалыг, өнгөрсөн мөч бүрийнхээ сайхан эсвэл гунигтай дурсамжуудаараа хориглон хориглон хаахаа больё.

...өнгөрсөн бүхнээ эргэн эргэн дурсах нь өөрийн амьдралын зам дээр бул чулуунуудыг овоолж байгаагаас юуны ялгаа юун. Хэрэв өнгөрсөн бүхнээ эргэн дурсаад л байх юм бол бидний
амьдралын их урсгал тогтонгишиж, магадгүй холын хол зорилго өөдөө тэмүүлэх тэмүүлэл маань үл итгэлээр солигдож, бид булингартаж бохирлогдсоноосоо болоод орчлон хорвоог будант нүдээр сэтгэлээр харж сэтгэх болно.

Бид хүссэн ч эс хүссэн ч Амьдрал яг л ус шиг урсаж, Амьдрал яг  агаар шиг өөрт болон бусдад дэм болдог атал түүнийг үл хэрэгсэн түүнд үл итгэн өөрийгөө голж амьдралынхаа агуу их замыг нэгэн мухарт мөнхөд  замхруулахаа больё.

Зүгээр л тэр их урсгалд нэгдье.  Бүхнийг март, дахин эхэл, зоригоо чангал. Чи бол орчлон хорвоогийн тоглоом.  Орчлонгийн агуу тоглогчийн хамгийн хайртай нандин тоглоом нь та. Ийм л учраас алдаж эндэх бүрдээ бид түүний хязгааргүй хайр ивээлд үлдэж, амьдрал гээчид улам л дурлан бүр их хүчээр бүр их итгэлээр бүр их энэрэл нигүүлсэлээр бүр их хайраар бусдад хандаж, тэднийг хайрлаж энэрэх хэрэгтэй бус уу.

Учир нь би, бид, та амьдралыг ойлгож мэддэг. Бид орчлонгийн хөдөлгөгч эс нь, магадгүй аугаа их орчлонгийн сүүлчийн найдвар нь болж ирсэн байвал яана.

Ажил төрөл, амьдрал, хайр, андын нөхөрлөл гээд л бүхий л зүйл чинь худал хуурмаг мэт санагдаж болох ч амьдралд чи ирсэн л учир чамд энэ хорвоо дээр чиний л хийж чадах, чиний л бүтээж чадах,  өчнөөн олон зүйл бий.

...Амьдралын нэгэн хаалга гунигтай эсвэл баяр баясгалантайгаар хаагдаж, харин дараагийн нээгдэх хаалга тань  бүр илүү нандин, дэндүү хайр энэрэл  бүхий байх болно. Гагц хүү Та л тэрхүү хаалгыг омог бардам, зоригтой өөдрөг, өөртэй итгэлтэйгээр нээх аваас тэрхүү хаалганы цаана байгаа бүхэнтэй нэгдмэл байж, орчлонгийн хязгааргүй тоглолтонд гол дүрд тоглох бүх эрх танд бий, таны гарт виз  нь байна.

Харин үүний оронд та гунигтай байгаагаасаа болоод эсвэл хэн нэгнийг өршөөж чадахгүй байгаагаасаа болоод нүд сэтгэлээ сохолсон байх аваас энэхүү баян тансаг, гайхамшигт ид шидийн гэмээр амьдралын баяр баясгалан, аз жаргалыг мэдэрч чадахгүй, магад тэр хаалгыг нээх зүрх зориг хүрэхгүй хэдэн арвал жил болж , магадгүй хэдэн зуун жил ч тэрхүү хаалганы бариулд нь ч хүрэхгүй, хаалгыг нээж орох зориг хүрэхгүй биз.

Иймд зүгээр л өнгөрсөн бүхэн хумхын тоос  гэсэн үнэн үгэнд итгье. Мөнхийн одоо цаг, мөнхийн одоо цагийн  үргэлжлэл ирээдүйн юм бүхэн бидний дотор байна, бид бол дэндүү баян, бид бол дэндүү их азтан.

Хорвоогийн хамаг бодгаль дотроос хүмүүн бидэнд хийж чадах зүйл их байна. Бид юм бичиж, бид дуулж, бид өөрсдийн бүтээсэн компьютерийн  орон зайгаар аялж, бид  бүхнийг шинээр нээхийн төлөө тэмцэж байна. Бид бол орчлон хорвоогийн сая сая бодгаль, сая сая  ухамсар дотроос   сугаран гарсан агуу их эрэлчин, агуу их бүтээгчид билээ.

Цаг хугацаа урсан өнгөрөх бүрийд
Цаг хугацаа айлчлан ирэх бүрийд
Хязгааргүй жаргалангийн  далай өмнө минь байна
Хязгааргүй амгалангийн далай өр зүрхэнд минь жарган жарганам...

Бүхнийг март,  дахин эхэл, зоригоо чангал, чи чадна.   Учир нь чи бол энэ орчлонд дуулж, инээж, баясан хайрлаж, хайрлуулах гэж ирсэн агуу их  урсгал.

Орчлонгийн ариун урсгал чамаас ч бас шалтгаалнам
Орчлонгийн хөдөлгөгч урсгал чиний итгэл дээр тогтом...

1 comment:

  1. Saihan niitlel bna, bayarlalaa. Shine ogloo ehelj bh muchid unshij bgaag heleh uu, onoodriinhoo erch huchiig avah shig. Ter uuliin jijighen gorhitoi zuirlesen n ih taalagdlaa, amjilt husye.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам