Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Амраг минь
Алиа жаахан чамдаа алив бүхнээ зориулахсан
Энхрийхэн чинийхээ энгэрт тань хургахсан
Энэ насны хайраа чамдаа л би зориулахсан
Зүүдний мөнгөн жигүүр цуцаа нь үгүй ажээ
Зөрж очоод чамтай шөнөжин үлгэр хүүрнэжээ
Гэгээн өглөөн нарнаар гэмгүйхэн буцаж ирээд
Голын хайртай чиний минь хайр хэвээр хэмээлээ
Гэрлэн цэцэгсээр тэгээд гэгээн амлалтаа дайжээ
Гэмгүйхэн чамдаа дурласан илч итгэлийг минь ав гэлээ
Чамдаа хайртай байгаадаа талархан талархан би
Чангаас чанга зогсон тэнгэр өөд инээмсэглэмү
Хайр хаанаас ирдэг вэ
Хайр хаашаа оддог вэ
Хайр итгэлээс ирж
Хайр энэрэл рүү оддог ажээ
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment