Хайр бол огоорол болохоор

Би чиний төлөө бүхнээ умартан очлоо 
Би чиний төлөө өөрийгөө гээн гээлээ 
Би чиний төлөө өөрөө өөрөөсөө татгалзлаа 
Би чиний төлөө чиний нэгэн хэсэг боллоо 

Би чиний хайранд бялууран бялууран байлаа 
Би чиний дөлгөөнд бүйвээн дуу аялнам 
Би чиний энхрийллийн орон зайгаар аялахдаа 
Би чам руу чи над руу урсан уусан уусан нэгднэм  

Даарсан гараа чамд 
Даанч юунд атгуулав даа
Далай их хайранд чинь сөхрөх юм гэж хэн мэдлээ ээ 

Нүдний минь өмнүүр чиний дүр л эргэлдэнэ 
Нэрээ би өнөөдөр өөрөө өөрөөсөө эрээд олошгүй нь
Таашаалын там шиг шунал тэчьяадан намайг эзэмдэн 
Тэнгэрт бас тамд дээс тоглон би вээр үсчинэ  

Халуун бас хүйтэн янаглал 
Хатгаж дотроос минь дэггүйтнэ
Хөөрхий би сөхрөн суугаад 
Хайрын Бурханы өвдгийг дэрлэн уйлнам

Гэрлэн гараараа үсийг минь илбэхдээ
Гэгээн охин тэнгэр минь чамдаа би хайртай хэмээнэ 
Хүний орчлонд буусан хөөрхий охин үр минь 
Хайрын давалгааг хатуу чанга сөрөн зогс гэх юм 

Сайхан мөчүүдийнхээ төлөө зүрхээ сугалан барьсан
Саваагүй гарыг минь ивийлэн ивийлэн өрөвдөөд 
Санчиг нь буурал болсон Та минь харин 
Сайхан үлгэр зохион миний л төлөө доош тунхаглана  

Бурханы цагийг ухрааж байгаа 
Бяцхан үрээ эвийлэн энхрийлэх Та минь 
Будант үүрийн нам гүмхэнд 
Бодол болон гуниглан сууна уу  

Өршөө намайг, эцэг минь  

Хайранд олзлогдсон би 
Хаа очихоо үл мэднэ 
Халуун янаг түүнийг минь л 
Хайрын диваажингийн хамт өгөөч  

Гэрэл гэгээтэй хамт итгэлийг чамдаа өглөө 
Үдшийн олон ододтой хамт үлгэрийн диваажинг ч бас өглөө 
Голын хайртай үр минь хайрын түүхээ туурви даа 
Үеийн үед чи минь эрхлэн нялхарч яв даа  

Хайр бол огоорол болохоор  
Хайрт охиноо чамд өгсөн юм шүү 
Хайр бол гэрэл гэгээ болохоор  
Хамгаас хайрт үрийг минь халамжлан энхрийлж байгаарай 

Би чамд итгэж байна 
Үр минь чамд хайртай учраас 
Би чамайг адислаж байна 
Үр минь болж байгаа учраас  

Аяа намайг хөглөх цаг хугацаа чамд мөргөмү
Амьдралд дурлуулж буй алтан хоромд тань талархнам 
Амь амьсгалыг минь дэлдэх агшин бүрд мөргөе
Аяа юм бүхэнд таны таалал оршиг, би таньдаа хайртай

1 comment:

  1. Mansuuruulaad hayachih yum bna l daaa...aaaa,,,, ya ya ya

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам