Өргөл

Хаврын дунд сарын шинийн арван зургаанд Хайр талархал хажуунаас минь төөнөлөө. Сэтгэлд уянгалаг дуу дуурьсаж 
Сэмхэн дэвсээр нэгэн гэрлэн шувуу газардлаа. 

 Дэндүү үзэсгэлэнтэй юм чиний гоо үзэсгэлэн гээд 
Дэлхий ээж минь баярлан угтлаа чамайг Уртаас урт захиа зуусаар 
Уяхан замбуутивд чи минь заларлаа.

 Орчлон хорвоогийн орь ганц шүтээн болсон Онгон дагшин эх дэлхий минь Таньдаа мөргөе. 
Сэмэрсэн дээл шиг сэтгэл зүрх чинь шаналж байна уу? 
Сансар хорвоо бүхлээрээ Таны л төлөө залбирч байна аа. 

 Арга билэг нь тэнцүүхэн байдаг хорвоод Арай илүү хүмүүн төрөлхтөн догшроо юу даа. 
Аврал эрсэн байгаль дэлхийгээ тоосонгүй ээ. Авч идэхийн донд атгахан зүрхээ өгчээ.

 Амьтад шаналж, уйлахад тоосонгүй ээ Аадар, үер, гал гарсан ч анзаарсангүй ээ Гэмгүй амь сүйрсээр байхад ч сэхээрсэнгүй Гэрэл болон одоо би тэдний зүрхэнд шингэе дээ. 

 Өр зүрх минь юутай их өвдөнө вэ? 
Өнөөдөр л , өнөөдөр л гэрэл болон амиа Би өргөе өө. 
Жаргалан дуурсдаг жаалхан эх дэлхий минь Жаран жарнаар өртөөлөн замбуулинд
 цэцэглэг ээ. 

 Таны л өлмийнөөс цэцэгс дэлбээлж.
 Таны л өндөрлөгөөс үүлс, уулс шүхэрлэнэ.
 Таны л хайранд би гэрлэн Бороо болж орьё Таны л төлөө би таны Хүмүүн заяанд шингэе. 

 Гэрэл бүхэн минь Хайр авчрах болтугай. Гэгээ бүхэн минь Итгэл дэлгэрүүлэх болтугай.
 Гэгээн Наран бадамлан дэлгэрсээр л байг. Гэрлэн биеэ би Хүмүүн танд өргөлөө. 

 Дэндүү сайхан эх дэлхий минь 
Дээдийн жаргаланд умбаж байг дээ. 
Бурхад буудалласан Бумбын орон минь 
Баяр талархалаа таньдаа би өргөе дөө.

 Хаврын дунд сарын шинийн арван зургааны үдэш 
Хайр талархал зүрх бүхэнд шингэлээ.

 П.Дэлгэржаргал УБ хот, хуурай мухар зуслан 2020.04.09. 22.15

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам