Бид нэгэн дэлхийн хүүхдүүд

Шувууд жиргэж, шуудан ирэхэд бид дуртай
Хүүхдүүд хөгжилдөж, хөгжим цангинахад бид дуртай
Тэврэлдэн уулзаж, инээлдэхэд бид дуртай
Тэнгэрийн дор бид Нэгэн дэлхийн хүүхдүүд.

...
Салхиар тарсан аюулт өвчин
Сайхан бүхнийг минь тасалдууллаа.
Сүүлчийн замдаа үдэх ч хүнгүйгээр
Сүүлчийн захиасаа хэлж ч амжилгүйгээр

Бидний нэг хэсэг одож байна
Бидний нэг хэсэг өвдөж байна
Бидний нэг хэсэг уйлж байна
Бидний нэг хэсэг айж байна.

Уйлах хэрэггүй ээ анд минь
Өр зүрхээрээ бид хамтдаа
Айх хэрэггүй ээ анд минь
Аюулт өвчин Хайранд хайлнаа.

Хөгжил дэвшилд бид хүн чанараа гээгээгүй ээ
Хайр энэрлээ, халуун хайрынхаа хамт өргөе ээ
Хар, шар, цагаан ч бай хамаагүй чиний төлөө
Хүн төрөлхтөн хамтдаа залбиран залбирч байна.

Яг л далай шиг бид нэгдмэл байя
Яг л тэнгэр шиг бид уужим байя
Яг л одод шиг бид итгэл дүүрэн байг
Яг л үр хүүхэд, аав ээж шигээ бие биенээ хайрлая

Өглөө бүхэн наран мандахдаа өргөн дэлхийг минь тэвэрнэм
Үдэш бүхэн саран мандахдаа үй олон төрөлхтөнийг энэрнэм
Аажим аажмаар амьтан бүгд илааршлаа.
Ашид хойчдоо бид бие биенээ энэрэн хайрлаг.

Шувууд жиргэж, шуудан ирэхэд бид дуртай
Хүүхдүүд хөгжилдөж, хөгжим цангинахад бид дуртай
Хүн дэлхийд минь инээд цуурайтаж байг
Хөхрөх огторгуйд жаргалан жарган байг.

2020.03.24 Дархан хот. Бурхантын хөндий
П.Дэлгэржаргал

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам