Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Би монголдоо ирээд тусгаарлагдаад 4 хонож байна. 3 сарын 12 ны өдөр УБ т ирэх нислэг маань цуцлагдаж, 30-ны Истанбулын нислэгт бүртгүүлээд хүлээж суутал Европын орнууд шил дараалан олон улсын нислэгүүдээ хааж эхлэхэд хамгийн сүүлийн нислэгээр 23.30д хил хаахаас 30 минутын өмнө Белгиэс Москва руу амжиж нислээ.
Ингээд л өглөө нь буугаад орой нь Улаан-Үүдийн орон нутгийн нислэгт суулаа.
Үүрээр нар мандах агшинд Улаан-Үүдэд буугаад хэдэн монголчуудынхаа хамт такси хөлслөн Хиагтын зүг довтолголоо.
Хиагт дээр ирээд орж чадахгүй бол хил нээгдтэл Нэг айл олоод мөнгийг нь төлөөд амьдраад байна даа гэсэн бодолтой байв.
Гэтэл Монголчуудыгаа оруулж байгаа гэдгийг сонсоод нулимс цийлэгнээд, сэтгэл цэлмээд явчлаа.
Хаашдаа тусгаарлагдахаа мэдэж байсан болохоор Хиагтын Абсолют дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ аваад бид хэд Хиагтын хилийн зүг алхлаа.
Хилийн наана том том машинууд зогссон нь транзит тээврийн машинууд аж.
Нэг хөх эрээн куртиктэй, масктай нөхөр биднийг дуудаж уулзан хаанаас явааг асууж монголын талаас хил нэвтрэх хүмүүсийг хувиарлана гэв.
Тэгээд хаанаас ирсэн гэдгээр нь ангилан ялгаж тус тусад нь зогсоолоо.
Улаан-үүдээс шууд гарч байгаа бол өөрөө алхаад л гарч байх юм.
Харин 3 дагч орноос ирсэн бол нэг талд, азийнх нөгөө талд, Москвагаас ирсэн нь гээд тус тусдаа зогсоцгоох. Бүгд бээлий өмсөн, маск зүүцгээсэн ганц үүргэвч, жижиг ачаатай хүмүүс байлаа.
хамгийн настай нь 1950 оных гэнэ, 3 хоногийн өмнө гарч чадаагүй буцсан ажээ. Ихэнх нь богино хугацааны визээр гарсан залуу хүмүүс байв. Настай нь бид хоёр.
... Монголынхоо хил дээр ирсэн болоод тэр үү, машин ирж яваа гэдгийг сонсоод гэрээ, ард үлдсэн хүүхдүүдээ улам их санаж, харуулдан харуулдан зогслоо.
... хаашаа ч хөдлөх хүсэл байсангүй, хувцасаа давхарлаж дулаараад л зогсоод л байлаа.
Хүйтэн салхи салхилаад голдоо ортол даарсан ч хараа хүрэх газарт байх нутгаа хараад итгэл өвөрлөн зогсоод л байлаа. үдээс хойш 15 цагийн үед Монголын талаас эмнэлгийн машин орж ирэн хувиарласан багаараа машинд суув.
Манай онцгой болон хилийн нөхдүүд бидэнд сайныг ерөөн, их ажлаа зохицуулан ард үлдлээ.
Манай машины жолоочын кабиныг битүү тусгаарласан, жолооч нь бүрэн хамгаалалтын хувцас өмссөн, машин бүрэн ариутгагдсан байв.
Нэг машинд жолооч ороод 10 хүн байна гэж Орос ах нар тогтоожээ.
Бид паспортаа ил барин суусаар хил дээр маш хатуу хяналтанд орлоо.
Хүн нэг бүрийг буулгана, суулгана, бүх ачааг нэг бүрчлэн задалж үзнэ. 6-7 удаа хяналт шалгалт хийж байж гарах штамб дарж нутгийн зүг хөдлөхөд бид дуу шуу оров.
Монголын хилийн багана өнгөрөөд л алаг нүдтэй охин сайн явж байна уу, ядрав уу, за тайван байгаарай одоо монголдоо ирсэн нэг нэгээрээ гар цүнхээ аваад гараарай гэлээ.
Бид нэг нэгээрээ аажуухан халдвар ариутгалаа хийлгээд з дагч орноос ирсэн нь нэг өрөөнд азиас ирсэн нь зэргэлдээ шилэн хаалттай өрөөнд орлоо.
Монгол улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг дээд зэргээр хангаж бүх зүйлийг сайн гүйцэтгэж байгааг хараад Тэврээд авах сайхан нутагтай, Монгол улсын иргэн болсондоо бахархах сэтгэл төрж бүгд л нулимстай нүдээр бие биеэ харан чимээгүйхэн сууснаа аажмаар дуу орцгоож, хил гаалын хуудас бөглөн, 00- д орсон шиг тухтайхан сууцгаалаа.
No comments:
Post a Comment