Өөрийгөө ялсан ялалт болгон үнэ цэнэтэй. . .

Ялалтын бамбараа атгасан ч
Ялагдалын шүүрээ барьсан ч
Ялгаагүй ээ чи миний л үр хэвээрээ
Аяа, миний алдрайхан үр минь дээ. . .

Бамбар атгаснаараа чи бусдад итгэл найдвар,  илч дулаан өгнө.
Бургасан шүүр барьснаараа чи өөрийн мунхагаа л гагц номхотгоно.
Бүхий л орчлон өмнө чинь хүлээж байнаа  үр минь дээ
Буцах эрхгүй цаг хугацаа агшин бүхэндээ чиний сонголтоор сайн мууд ээлжилнээ... 

Гэрэл болон бусдад итгэл найдвараар замыг нь гэрэлтүүлэн асаж амьдрах уу?
Гэмгүйхэн нам гүмхэн хэнд ч үл анзаарагдан сааралтан амьдрах уу?
Чи л өөрийн амьдралын зам замналаа сонгох болохоор
Чиний сонголтыг ижий нь хүндэтгэнэ ээ, үр минь дээ...

Шөнөжин  чамайг уйлж хоноход бүүвэйн аялгуугаараа айдсыг чинь ижий нь үргээсээн
Өдөржин чамайг дэгдэн дэрвэхэд баясан хөөрөн хамт жигүүрлэн сэтгэлдээ нисдэгсэн
Эвий миний энхрийхэн үр минь эргэх мөч бүхэнд
Ижий нь чамдаа аминаасаа ч илүү хайртайсан.

Чамайг уйлахад хамт уйлж
Чамайг инээхэд хамт инээж
Чамайг ойчиход хамт өвдөж
Чамайг баярлахад хамт баярлаж
Ижий нэрийг өгсөн энхэрхэн үрдээ ижий нь хайртай. . .

Олдсон амттанаа чамд л өгч
Олдсон заяагаа чиний л төлөө зориулж
Орчлонгийн Амьд-Бурхан минь болсон
Аяа миний алдрайхан үр минь дээ...

Нэгэн цагт ээж нь дэргэд чинь байхгүй ээ
Нэрээ үлдээн тэнгэрийн ододтой ижилссэн байнаа тэр үед
Хаачихаа ч үл мэдэх орчлонгийн харанхуй шуурганд туугдан туугдан
Хоргодох нөмөр бараа хайн хайн мянга мянган жил аялнаа.

Сэтгэл сүнс минь гэрэл-илч  хайн бэдрэн бэдрэх мөчид
Сэмхэн нулимсаа дотогшоо нуун нуун мэгшинэ
Олон олон эхчүүд үрийнхээ сэтгэлийн гэрлийг хайн хайн уйлахад
Онцгой нэгэн гэрэл л ижийнхээ Төлөө Тодоор Гэрэлтэн Бадамлаасай хэмээн хүснэм.

Үнэндээ, Үрийнхээ төлөө тэд гэрэлд хувилан амьдралын замыг чинь гэрэлтүүлсэн юмсан
Үнэн байдагт итгэн үрдээ өөрийн зүрхнийхээ цохилтоо өвлүүлсэн юмсан

Гэтэл...

Хаана байна тэр үнэн
Хаана байна тэр их хайр

Яагаад...

Эхийн сэтгэл үрд
Үрийн санаа хаданд гэж

Үр минь
Амьсгал, агшин бүрд чинь ижий чинь чамтай хамт цохилном...


Зүгээр л өөрөө өөрийгөө ялан
Зүгээр л амжилт нь ижийд тань
Гэгээн гэрэл болон бадамлан бадамлах орчлонд
Гэмгүйхэн хий хоосон алтан цаг хугацааг зүгээр нисгэнэ вэ?

Ялалтын бамбараа атгасан ч
Ялагдалын шүүрээ барьсан ч
Ялгаагүй ээ чи миний л үр хэвээрээ
Эвий миний үр минь дээ. . 

Бамбар атгаснаараа чи бусдад итгэл найдвар өгнө.
Бургасан шүүр барьснаараа чи өөрийн мунхагаа номхотгоно.
Бүхий л орчлон хүлээж байна үр минь 
Буцах эрхгүй орчлонд аялалын зэвсэгээ чи л сонгоно үр минь дээ. . 

Гэрэл болж бусдын төлөө асах уу?
Гэмгүйхэн нам гүмхэн эмтрэх үү?
Чиний сонголтыг ээж нь хүндэтгэнэ ээ
Чамдаа би хичнээн их хайртайг минь чи мэдэх үү?

Эцсийн амьсгалаа чамдаа зориулья үр минь
Энэ орчлонд чи минь Ялагч байгаарай
Итгэл найдвараа чамдаа би үлдээе
Эргэх орчлонд Эхийнхээ ачийг заавал хариулаарай

Үр минь.
Өөрийгөө ялсан Ялалт бүхэн чинь
Өнгөт орчлонгийн харанхуйг гэрэлтүүлнэ
Өөрийгөө даван туулсан туршлага бүхэн чинь
Өнөөдрийн дэлхийг Диваажинд хувиргана

Эвий миний үр минь
Ижий чамдаа итгэж байна.
Энхрийнхэн үр минь
Сэр, сэргэ, хөдөлмөрлө

Эхийн хайраар дүүрэн цагаахан орчлон чамайг хүлээж байна.
Эвий минь үр минь чинийхээ Ялалтын бамбараа атган
Энэ орчлонгийн ээжүүдийн үрээ хүлээсэн сэтгэлийн гэрлийг асаагаасай хэмээн наминчлан  гуйя.

Эвий миний энхэрхэн, эрх үр минь дээ. . .


2019.09.04-05

Улаанбаатар хот.
Бага тойруу

Чиний ээж П.Дэлгэржаргалаас.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам