Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Үзэг
Хээтэй, хээгүй, үсэгтэй, зурагтай, өнгөлөг, мөнгөлөг гээд л хачин чамин цаасан дээгүүр би гүйж байна. Хүмүүс намайг үзэг гэдэг. Харин би өөрийгөө ид шидтэн гэж боддог. Үнэндээ бас намайг мөрөөдөл гэж нэрлэсэн ч болно.
Сайхан сэтгэлтэй нэгний гарт очвол үлгэр мэт сайхан бүхэн амилдаг юм. Харин саваагүй нэгний гарт очвол дэмий сараачсан цаас маань хогийн саванд базагдан хаягддаг.
Гэхдээ л би цаасан дээгүүр гүйх, нисэх дуртай.Миний хамгийн аз жаргалтай мөч бол бяцхан булцгархан гарын илчинд дулаацах тэр агшин. Тэр үед би баяр баясгаланд умбаж, дэгдээхэй шиг дэгдэн гүйж, эрвээхэй шиг эргэлдэн нисдэг юм. Нэг л өдрийн дотор би цас бас бороо болон орж, шүүдэр болон дэгдэн мөрөөдлийн орон руу хөөрдөг юм.
... хачин жигтэй, дэндүү дэгжин цаасан дээгүүр би гүйж байна. Анх би тэнгэрээс зарлиг буулгадаг тэр л чиглэлд нисдэг байхдаа үлгэрийн мэт эмх цэгцтэй хичээнгүйн ертөнцөд амьдарч байсан юм.
Харин өнөөдөр лимбэний эсвэл төгөлдөр хуурын даруул дээгүүр гүйх адил нисэн дүүлдэг шидтэн болжээ би.
Тэгээд л орчлон ертөнц дээрх цаг хугацаа , орон зайд үл тээртэн бодлын хөлгөөрөө нисэн дүүлж, хязгааргүй бүхнийг бяцхан зүрх сэтгэлээрээ дамжуулан бичдэг болохоороо үзэг бид чинь үнэндээ ямар их аз жаргал, баяр баясгаланд умбаж байдгийг мэддэг ч болоосой.
... Хэзээ нэгэн цагт Үзэг хэрэглэхээ больчихвол яах бол?
гэхдээ л яг одоо, яг одоо л цагтаа л би хайртай. Энэ биеээ барагдтал, эзэн таныхаа үнэнч зарц чинь, хайртай анд чинь болсондоо бяртай байдаг шүү.
Тиймээ, би бол дэгжин хөөрхөн үзэг байна. Хүмүүсээ би та нартаа хайртай....
Ид шидийн мөрөөдөл, үлгэр бичдэг эгдүүтэй хөөрхөн үзгийн түүхийг охин Энхнарангийнхаа төрсөн өдөрт зориулан бичлээ. Охнидоо сурлагын уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment