А.Мөнгөнзул: Монгол хүн зүрх сэтгэлийн нандин бүхнээ гээх учиргүй

“Хэрвээ та хэн нэгний аз жаргалыг зурах харандаа нь байж чадахгүй бол уйтгар гунигийг нь арилгах баллуур нь болж яваарай” гэж хэлэх дуртай “DOZ” интертайнмент студийн продюссер Амгаланбаатарын Мөнгөнзултай уулзаж ярилцсанаа уншигч таньд хүргэе.
-“DOZ” энтертайментийн хамт олон хөгшид, хүүхдийг баярлуулсан буянтай арга хэмжээ зохиолоо. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү?
-Бид Тэнгис кино театрт 108 өнчин хүүхэд, 108 ахмад буурлууд, 108 лам хүүхдүүдийг урьж, “Хөх толбот хүмүүс” киногоо сонирхуулж, дараа нь Бишрэлт зочид буудалд тэдэнд зориулсан хүлээн авалт хийсэн. Бидний зохиосон арга хэмжээ их сайхан болж өнгөрсөн. Киноноос гадна биднийг ийм сайхан газарт урьж авчирсанд баярлалаа гэж хүүхэд хөгшид маш ихээр талархаж
байгаагаа илэрхийлсэн. Олон хүн цуглаад бие биенээ харж баярлахыг хараад бид өөрсдөө ч  дагаж сэтгэл маш их хөдөлсөн.  Ер нь хүнийг баярлуулна гэдэг чинь их сайхан зүйл. Энэ том арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж тусалсан найз нөхөд, хамт олон, Баянгол дүүргийн засаг дарга, НХХЯ, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал гээд л бүгдэд нь баярлалаа.
-Яагаад ийм олон хүүхэд хөгшдийг цуглуулая гэж шийдсэн юм бэ?
-Бидний энэ удаагийн киног маань маш олон хүн үнэхээр сайн, урьд урьдынхаас илүү уран бүтээл болжээ гэж урам хайрласан. Шинэ кино гарахад дуртай кино театртаа очоод үзэх боломжтой болсон ч хүн бүр үзээд байж чаддаггүй. Тийм болохоор кино үзээд явах боломжгүй хүүхэд хөгшдийг л баярлуулъя гэж шийдсэн. 108 хүүхдээ бид НХХЯ-ны харъяа Хүүхэд хамгаалал төвийн болон асрамжийн газраас урьж авчирсан. 108 ахмад буурлууд маань манай Баянгол дүүргээс ирсэн. Харин 108 лам хүүхэд олох жаахан хэцүү байсан. Манай хийдүүдэд нэг дор тийм олон лам хүүхэд байдаггүй юм билээ. Хэд хэдэн сүм хийдээр явж байж 108 хүргэсэн шүү.
-Киноныхоо зураг авалт, нээлтийг Францад хийсэн. Яагаад заавал Франц орныг сонгосон юм бэ?
-Монголын кино урлагийн түүхэнд анхдагч гэж болох ч DOZ-ынх гэдэг утгаараа биш Монголын кино өнөөдөр дэлхийд танигдаж байна гэж ойлгоосой. Гэхдээ бид гадаадад кино зураг авна гэдэг хэцүү даваа ч өөрсдөө тэмүүлж зориглох юм бол болохгүй бүтэхгүй юм байхгүй гэдгийг ойлгож авсан.  Цаашдаа маш олон уран бүтээлчид Монголын кино урлагийг арай өөр түвшинд хүргэх эхлэлийг тавьж Францын кино театрыг сонгож анхныхаа нээлтийг хийсэн. Яагаад заавал Францад хийх болсон бэ гэвэл, энэ кино маань монгол хүний тухай. Монгол хүний мөн чанарыг үзүүлэхийн тулд заавал харь газар очиж амьдраад хэрэггүй гэдгийг үзүүлэхийг хичээсэн. Монгол хүн эх орноо орхиж илүү сайхан амьдралтай болъё гэсэндээ л харийн орныг зорьж байгаа. Тэд нарыг харахад харийн орон гэдэг дээд тэнгэрийн умдаг атгасан шиг сайхан зүйл биш юм байна. Эх орон гэдэг юунаас ч илүү байдаг гэдгийг ойлгоосой гэсэндээ заавал гадаад оронд энэ киног хийх шаардлагатай болсон. Тэгээд ч бидэнд Францад зураг авалтаа хийх боломж бүрдэж, дэлхийн долоон орны уран бүтээлчид оролцсон.  Гол нь гадны улс оронд монгол хүнийг хүн гэдэг утгаар нь хүндлэх ёстой гэж бид харуулахыг хүссэн.
-Уран бүтээлээ хийж явахдаа ар гэртээ, үр хүүхэддээ хэр их анхаарал халамж тавьдаг вэ? Учир нь та ээж хүн, нөгөө талаар айлын эхнэр гэдэг утгаараа энэ бүхнийг яаж зохицуулж байна.
-Бурхны авралаар хүүхдүүд маань намайг ойлгодог. Ээж аав минь ч тэгж хүмүүжүүлсэн. Би хүүхдээ гаргаад л ээж аавдаа даатгачихдаг. Буянтай ээж аавтай, азтай эмэгтэй гэж өөрийгөө боддог. Үнэхээр ард минь асаалттай арван танк гэдэг шиг найдвартай хүмүүс байгаа тулдаа би өнөөдөр тайван ажлаа хийгээд явж байна. Хүүхдүүддээ маш бага цаг зарцуулдаг ч бүтэн сайн өдөр ямар ч ажил байсан тэдэнтэйгээ хамт өдрийг өнгөрүүлдэг. Нөгөө талаар намайг хийж бүтээх гээд сэтгээд зорьж явахад дэмждэг хамт олон минь байна. Тэд минь байгаагүй бол өнөөдөр DOZ интертайнмент өнөөдрийн хэмжээнд байж чадахгүй. Маш эрч хүчтэй залуустай нэг баг болон ажиллаж, алхам тутамдаа тэднийхээ дэмжлэг тусламжийг авч байна
-Доржсүрэн ах та хоёр урлагийн гэр бүл гэдэг утгаараа бие биенээ их сайн ойлгодог байх. Хааяа маргах, үл ойлгоцох зэргээр хүндрэлтэй асуудлууд гардаг уу?
- Хүний амьдрал юм чинь байлгүй л яахав. Урлагийн гэр бүл, үргэлж  хамт ажилладаг гэдэг утгаараа маргах үе гардаг ч эхнэр нөхрүүдийн дундах элдэв муу асуудлаас үүдэлтэй хэрүүл хийгээд байдаггүй. Харин хийж байгаа ажлаа илүү сайн болгох гэсэндээ л маргах үе бий.  Тиймдээ ч, хэрвээ бид хоёр нэг бүл байгаагүй бол өнөөдрийн түвшинд хийж бүтээж, уран бүтээл туурвихгүй өдий зэрэгтэй явахгүй байсан болов уу гэж боддог. Ер нь эмэгтэй хүн, эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө өсгийн дор нь ивээс болж, түшиж тулж амьдрах ёстой. Ингэж чадвал тухайн гэр бүлийн аз жаргал, хүсэл мөрөөдөл нэгдэж тэд сайн сайхан амьдарч чадна.
-Сүүлийн үед залуучууд гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг үл тоох болсон. Тэр ч утгаараа хамтдаа нэг зүйлд анхаарч, хийж бүтээж, зорьж чадахгүй байгаа нь залуу гэр бүлийн хамгийн том асуудал байдаг. Харин та хоёр тэдэнд үлгэр жишээ болохуйц гэр бүлийн нэг гэж ойлгож болох уу?
-Бид хоёрыг үлгэр жишээ болгох эсэхийг хүмүүс өөрсдөө л шийдэх байх. Гэхдээ миний хувийн бодол гэвэл эрэгтэй эмэгтэй хэн ч байсан ямар ч тохиолдолд хосоороо амьдарч байж сая аз жаргал гэдгийг жинхэнэ утгаараа мэдэрдэг. Амьдралд зөндөө олон саад бэрхшээл тохиолдох ч хүмүүс давж гарахын төлөө л хичээдэг. Тиймээс эхнэр нөхөр хоёр хамтдаа хичээж, эхнэр гэрийн сайн эзэгтэй, нөхөр гэрийн сайн түшиг болж явахад амьдралын саад бэрхшээл юу ч биш. Тийм болохоор болсон ч болоогүй ч хамтдаа зүтгэх ёстой. Нэг л өдөр сайн сайхан амьдралыг хамтдаа бий болгож чадсан байна.
-Монголчууд гадаад руу явж амьдрах нь цөөнгүй байгаа ч эх орондоо амьдрах боломж байна гэж үздэг хүн олон бий. Таны хувьд Монголдоо сайхан амьдрах боломжийг юу гэж боддог вэ?
-Монголд ер нь бүх юм сайхан болж байна. Би өөрөө юмыг их гэгээлгээр харах дуртай. Ямар ч юмыг болно, болгоно бүтээнэ гэж болохгүй гэсэн бодлыг хүлээж авах дургүй. Жишээ нь энэ удаагийн кинондоо тоглуулсан Уудам хүү. Түүнийг анх хараад сэтгэл их хөдөлсөн. Анх түүнийг кинондоо тоглуулахаар болсноо мэдэгдэхэд хүмүүс янз бүрээр л хүлээн авч байсан. Уудам хүүгийн надад хамгийн их таалагдсан зүйл нь монгол дууг дуулаад дэлхий нийтэд таниулсан явдал. Энэ өөрөө их гайхалтай зүйл. Монгол дуу үнэхээр ямар сайхан юм бэ гэдгийг тэр дуугааар л мэдрүүлж чадсан. Өнөөдөр монгол дууг сайхан дуулдаг залуучууд олон байгаа ч хэд нь дэлхий нийтэд танигдсан билээ. Гэтэл тэр хүү ганцхан дуу дуулаад л долоохон хоногийн дотор “Super star” болж чадсан. Өнчин гэдэг нь ч хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Тиймээс энэ хүүг кинондоо оруулчих юмсан, тоглуулж чадвал хичнээн сайхан бэ гэж бодож байсан. Энэ мөрөөдөл минь биелж, үнэхээр болохгүй юм гэж байдаггүй юм шүү гэдгийн мэдрүүлсэн. Яг энэ мөрөөдөл минь биелсэн шиг монголд өнөөдөр болохгүй юм гэж байхгүй. Хүн өөрөө тэмүүлж чадаж, хийж чадвал мөнгө олох боломж үнэхээр нээлттэй. Хэзээ монголын уран бүтээлчид 5-10 сая төгрөгөөр гэрээ хийж ажилладаг байсан юм бэ. Ганц уран бүтээлчид ч гэхгүй шинжлэх ухаан, эдийн засаг гээд л өөр салбарт ч тэр монголчууд сайн ажиллаж, өндөр цалин авах боломж байгаа. Монголоо орхихгүйгээр эх орондоо ажиллах гээд зүтгэж яваа маш олон уран бүтээлчид, өөр салбарынхан ч тэр   өнөөдөр болно бүтнэ гэж хичээж яваа. Тиймээс гадаад байгаа монголчууд минь, эх орноо хөгжүүлэхээр ирээч ээ гэж хэлмээр байна. Яагаад гэвэл та бидний хайртай аав ээж, үр хүүхэд, ах дүүс, анд нөхөд чинь энд байна. Мөнгөгүй ч байсан  эх орондоо эх хэлээрээ ярьж суух нь өөрөө стрессгүй амьдрал. Амьдралын  сайн сайхан бүхнийг  мэдэрч, амьдралаас   авах хамгийн чухал зүйлийнхээ төлөө эх орондоо ирээчээ гэж хүсмээр байна. Бидний кино ч тэр энэ л асуудлыг харуулсан.
-Эх орон, ээж ааваас илүү эрхэм зүйл үгүй гэдэг. Гэхдээ Улаанбаатар утаатай, нийгмийн олон асуудлаас үүдсэн стресс ихтэй, амьдрахад хэцүү гээд гадаадад байгаа монголчууд минь ирэх дургүй байдаг юм биш үү?
-Хэдийгээр утаатай, уцаартай, нийгмийн асуудалтай ч гадаадад биш эх орондоо амьдарч байгаа нь ямар азтай юм бэ. Монгол хүн болж төрсөн нь ямар сайхан юм бэ? Гадаадад байгаа нь бид хамгийн сайхан эх орноо орхиод ирсэн байна. Бид харийн оронд зөвхөн мөнгөний төлөө л амьдарч хүн чанараа гээж байгаа юм байна гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьсон. Мөнгө хүний амьдралд чухал уу чухал. Гэхдээ мөнгө бол гараас гарт  дамждаг эд гэдэг утгаараа тийм ч чухал биш. Харин хүн өөрийн үнэ  цэнэ, зүрх сэтгэлийнхээ нандин бүхнийг алдахгүй байх нь хамгийн чухал. Хүн чанаргүй болно гэдэг нь хүний нандин бүхэн байхгүй болж байгаагийн илрэл. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад хийсвэр сэтгэлгээ, бие биенээ хайрладаггүй амин хувиа хичээсэн байдал ажиглагддаг. Тэр бүхэнд автаад монгол хүн гэсэн нандин чанараа алдаад байна. Монголд ч тэр хүмүүс нандин чанараа алдаж байна. Уг нь монгол хүн өөрөө бусад улс орнуудаас, ялангуяа европчуудаас  илүү хүн чанар гэдэг юмаараа ялгарах ёстой шүү гэдгийг харуулахыг зорьсон. Тэр ч утгаараа олон монголчуудыг энэ кино эх оронд нь дуудах болов уу гэж бодож байна.
-Төрийн ордонд анх киноныхоо нээлтийг хийсэн. Энэ алхмыг хүмүүс их олон янзаар хүлээн авч, шүүмжлэх нэгэн ч  байсан. Яагаад заавал Төрийн ордныг сонгосон юм бэ?
-Маш олон хүн бидэнд шүүмжлэлтэй хандсан ч бидний ажлыг бахархалтай зүйл гэж хүлээж авсан хүнмүүс ч бий. Монголын төр, монгол хүн гэдэг ангид зүйл биш шүү дээ. Монголын төрийг монгол хүн л барьж суугаа. Миний хувьд энэ киноныхоо буянаар анх удаа Төрийн ордондоо орж үзсэн. Бидний хамгийн гол зорилго нь гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчирах ёстой юм байна, Монгол хүнээ бид орхигдуулаад байгаа юм байна. Зөвхөн уул уурхай, мөнгө чухал биш монгол хүнээ хаячихаад байна. өнөөдөр монгол хүн мөнгөгүй, ядуу ажилгүй, гудамжинд орхигдож байгааг харж мэдрээсэй гэж бодсон юм. Энгийн үед төрийн түшээдэд үг хэлж, санал хүсэлтээ илэрхийллээ гэхэд үр дүн, хүлээж авах байдал нь хэр байх билээ. Тиймээс бид энэ уран бүтээлээ Төрийн ордонд гаргах нь хамгийн зөв, хамгийн оновчтой шийдэл гэж бодсон.
-“DOZ” интертайнментийн дараагийн төлөвлөгөө?
-Эхний ээлжинд шинэ киногоо орон нутгийн үзэгчиддээ үзэж сонирхуулан. Хамгийн түрүүнд Дархан хотыг зорьж байна. Ирэх гурван сард шинэ жүжгийн бэлтгэл ажилда орно. Зунаас дахин нэг киноны уран бүтээлийг эхлүүлнэ дээ.
-Танай хамт олныг хошин шогоос гарч байна гэж яригдах болсон. Хошин шогийн төрөл жанраас илүүтэй кино, жүжигт  хүчээ үзэж байгаа юм уу?
-Бид хошин шогийн уран бүтээлээ орхиогүй. Одоо хийх жүжиг маань хошин  жанрынх. Гэхдээ “DOZ” интертайнментийнхан жүжиг, кинонд илүү анхаарсан нь бүх хүнд хандсан уран бүтээл хийх хүсэл сонирхолтой  минь холбоотой.
-Зун эхлэх киногоо дахиад гадаадад хийх үү?
-Бид гадны оронтой хамтарч хийнэ. Монголын кино урлаг тэлэх хэрэгтэй. Зөвхөн монголдоо биш. Гадаадад сайн сайхан яваа монгол залуучууд зөндөө бий. Германд зураг авч байхад “Маке Up” хийдэг монгол залуу бидэнтэй хамтарч ажилласан. Холливуудын кино найруулагчидтай хамтарч ажилладаг юм  билээ. Түүний сэтгэж хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Тиймээс бид гадаадад байгаа чадалтай авъяастай монголчуудтайгаа хамтарч уран бүтээлээ хийнэ.
-Ер нь монголын ард иргэдийн амьдралын ялгаа өөр өөр байгааг юу гэж бодож байна.
-Өнөөдөр монгол хүний амьдралд мөнгө үнэхээр чухал байгаа. Гэхдээ өөрт байгаа боломж юу байна. Өөрөөсөө эхлээд боломжыг хайх ёстой. Хэн нэгнээс болоод өөрийнх нь амьдрал ядуу байгаа юм шиг, тэр  нэг дарга туслаад дэмжээд өгвөл  болох юм шиг хүлээгээд байдаг. Харин үүний оронд өөрөө юу хийж чадахыгаа мэдэх хэрэгтэй. Үнэхээр хийж чадах зүйлээ олсон бол  түүнийгээ чин сэтгэлээсээ сайн хийх ёстой. Мөн нэг байгууллагад маш удаан хугацаагаар ажиллаж, өөрийгөө нээж, тухайн хамт олондоо уусч,  тууштай байх нь амжилтын нэг хэсэг. Ингэж чадвал монголын нийгэм тогтвотой хөгжинө. Нөгөө талаар монголчуудыг маш эрт босдог байгаасай гэж хүсдэг. Энэ бол миний чин хүсэл. Хэрэв би ерөнхийлөгч байсан бол Монголын бүх албан байгууллага 08.00 цагт ажлаа эхлүүлж,  ажлын зургаан өдөртэй болгоно. Би их эрт босдог. Тэгээд өглөө эрт ажил хөөцөлдөх гэхээр хувийн, төрийн гэлтгүй  ажил 10.00 цагийн үеэс л жигдэрдэг. Уг нь эрт ажлаа амжуулдаг бол эрт тарна, монгол орны хөгжилд ч иргэдийн ажлын бүтээмжид ч нөлөөлнө. Магадгүй хэн нэгэнд миний хэлж байгаа энэ үг таалагдахгүй бйаж болох ч бидний дандаа муу хэлдэг урд хөршийнхөн үргэлж эрт босч, ажлаа эхлүүлдэг. Тэд эрт босдог, ажилсаг байдгаараа дэлхийд танигдаж байна.  Бид хэн нэгнийг муулахаасаа илүүтэй хэрэгтэй гэснээ үлгэр дуурайл болгон авч байх ёстой. Энэ ажилсаг чанарыг үр хүүхэддээ хэлж сургах ёстой. Дээр нь монгол хүн, монгол хүнээ хайрлах ёстой гэдэг  хүмүүжлийн хичээлийг сургалтын программд оруулахыг хүсдэг. Тэгж байж монгол улс хөгжинө. Хаа нэгэн газар Хятадуудыг оролдоход бүгд л дайраад босдог. Гэтэл монголүчууд тийм биш байгаагаас хөгжихгүй байна.
-Монголчууд нэг нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлгүй, амин хувиа хичээгчид болсон гэж үү?
-Тийм. Бид энэ уран бүтээлээрээ монгол хүн бие биенээ хайрлах ёстой гэдгийг харуулахыг зорьсон. Киноны маань “Монголчууд бие бие рүүгээ инээмсэглэх цаг нь боллоо. Монголчууд бие биенээрээ бахархах цаг нь боллоо. Монголчууд эх орноо хайрлах цаг нь боллоо. Хүний нутагт байгаа Монголчууд эх орондоо эргэн ирэх цаг нь боллоо” гэсэн сайхан үгс бий. Үнэхээр монголчууд өнөөдөр бие биенээ хайрлах цаг нь болсон. Бидний хажууд хэн нэгэн согтуу унтаж байхад дэргэдүүр нь зүгээр л өнгөрдөг болчихож. Монгол хүн уг нь тийм биш шүү дээ. Энэ  бол бидний өөр нийгмээс буюу гадаадаас авсан буруу хүмүүжил. Үүний оронд тухайн улс орон яаж хөгжиж байгааг л харах ёстой. Харин монгол хүн арай л өөр. Өвөг дээдсээ хүндэлдэг. Хөгшин настай хүн автобус унаанд ороод ирвэл босоод өгдөг сэтгэлтэй. Гэтэл одоо чанар ховордох болсон нь монгол хүний нандин бүхэн үгүй болж байгааг харулж байна. Тиймдээ ч бид Төрийн ордонд кинонгоо нэсэн нь монгол хүний нандин бүхнийг сэргээх ёстой, бие биенээ хайрлах ёстой гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Биднийг шүүмжилсэн хүмүүст үнэхээр урам хугарч, муугаар хэлэхэд “тэнэг юм даа” гэж, зөөлрүүлж хэлбэл “гомдмоор юм даа” гэж хэлмээр санагдсан. Гол нь хүн муу хэлдэг , буруугаар харддаг сэтгэл зүйгээ авч хаях хэрэгтэй. Монгол хүн нэг нэгнээ хайрлаж сурах хэрэгтэй. Энэ талаар дунд сургуульд орж байх ёстой. Тэр цагт монгол улс хөгжиж, баян хоосны ялгаа арилж хүн бүр сайхан амьдрана. Бие биенийгээ хятадууд шиг хамгаалж, нэгдмэл байх ёстой. Үнэндээ өнөөдөр монголд хэн нэгэн сайн үйл хийлээ гэхэд хоёр гурван сарын дараа л хүмүүс мэддэг. Гэтэл муу зүйл хийсэн гэж дуулдвал нэг л өдрийн дотор  хүмүүс мэдчихсэн байдаг. Уг нь монголчууд оюуны маш өндөр чадвартай хүмүүс. Тиймдээ ч муугаар бүхнийг бодолгүй, бие биедээ инээмсэглэж, урам хайрлаж чадвал хөгжихөд хэдхэн алхам л дутуу байна.
-Монгол хүний үнэ цэнийг юу гэж боддог вэ? Энэ цагт  үнэхээр алдагдсан юм шиг санагддаг.
- Монгол хүний үнэ цэнэ асар өөр. Германд зураг авч явахдаа европ хүн монгол хүн хоёрын ялгааг мэдэрсэн. Ер нь Европд хөгшчүүл ихэнхдээ асрамжийн газарт юм уу, гэртээ ганцаараа амьдардаг даа. Гэртээ ганцаараа амьдардаг тэргэнцэртэй нэгэн эмгэн гудамжаар явж өнгөрөх парадыг харахаар тагтан дээрээр гарчээ. Энэ явдлаас хойш хүүхэд нь гурван сарын дараа ээж дээрээ ирээд, ээжийгээ олоогүй гэнэ. Гэтэл ээж нь тагтан дээр амьсгал хураагаад гурван сар болсон байж. Эмгэн парад хараад сэтгэл хөдөлж зүрх нь хаагдаад бурханы оронд очсон тухай мэдээлэл гарч байсан юм.  Гурван сар түүнийг эрхэгээр хэн ч ирээгүй байна гэдэг нь ямар аймшигтай вэ? Гурван сар тэр айлын хаалгыг  хэн ч тогшоогүй, үр хүүхэд ач зээ нь ч эргэж тойроогүй байсан гээд бодоход үнэхээр аймшигтай. Европын нийгэмд хүн зөвхөн өөрийгөө л боддог. Гэтэл монголд хэзээ ч ээжийгээ, аавыгаа ганцааранг нь орхино гэж байхгүй. Үр хүүхэддээ, найз нөхөддөө захиж, арга ядахад айл хөршдөө захиад орхидог нь монгол хүний үнэ цэнэ. Бид ийм л ялгаатай. Гэвч энэ сайхан чанараа алдаж муухай нийгэм рүү ороод байна. Бид ч уран  бүтээлдээ тэр эмгэний тухай цухас ч гэсэн оруулахыг хүссэн ч Европын нйигэмд шүүмлэлтэй хандахаас айсан. Гэхдээ үзүүлэхэд гэмгүй л асуудал.
-Эмэгтэйчүүд  дөнгөж төрсөн хүүхдээ энд тэнд орхиж, эсвэл эмнэлэгт хаяад зугтаадаг тухай мэдээлэл их гарах боллоо. Эх хүний хувьд та энэ асуудлыг юу гэж ойлгодог вэ. Эмэгтэйчүүдийн богино бодол уу аль эсвэл нийгмийн бодит байдал уу.
-Энэ бол нийгмийн асуудал. Өнөөгийн нийгэмд хэн нэгэнд итгэл үзүүлтэл илтгэл алдвал нандин чанараа гээж, өөр нэг хүнд итгэсэн ч мөн хөсөрдүүлж орхидог. Хүмүүс ч нэг нэгэндээ хүнд итгээд хэрэггүй гэж зөвлөх болж, өөрт байгаа нандин чанараа нуудаг болж. Уг нь энэ асуудлыг сөрж итгэл гэдэг нандин чанараа л гээмээргүй байгаа юм. Амьдралд юу ч тохиолдож болно. Ялангуяа эмэгтэй хүн энэ чанараа гээх ёсгүй. Мундаг эрэгтэй хүн зөндөө бий. Гэхдээ тэдний ард дандаа эмэгтэйчүүд байдаг. Агуу хүний цаана суут хүн байдаг гэж нэгэн мэргэн хүнйи хэлсэн үг байдаг даа. Үнэхээр тэр суут хүн бол эмэгтэй хүн. Эмэгтэй хүний нарийн ухаан хамгийн чухал. Эрэгтэй хүн бол яг л хүүхэд шиг. Тийм болохоор эмэгтэйчүүд минь хоромхон зуурын сэтгэл хөдлөлдөө  битгий автаач ээ. Би ээж болохыг жаргалыг мэдэрсэн хойноо ээжийгээ яс махандаа хүртэл ойлгосон. Хайртай хайртай гэж хичнээн хэлж байсан ч ээжийгээ жинхэнэ  утгаараа хайрлаж чадаагүй байсан юм билээ. Эх хүн бүрийн хүсэл үр хүүхэд нь эрүүл саруул байх.  Энэ бол хамгийн  том аз жаргал. Миний том хүү багадаа их өвчин ороодог байсан юм. Тэр үед би орой бүр энэ дэлхийн бүх ээжүүд аз жаргалтай үр хүүхэд нь эрүүл саруул байгаасай гэж хүсч залбирдаг байсан. /энэ асуулт түүнийг хэсэг зуур уйлуулсан/ Тийм болохоор бидний өнчин хүүхдүүдэд киногоо үзүүлсэн нь, Уудам хүүг тоглуулсан нь ч тэр амьдралдаа итгэх итгэл төрүүлэх гэсэн чин хүсэл минь. Хэдийгээр бид тэдэнд ээж аавынх нь хайрыг өгч чадахгүй ч гэлээ ирээдүйдээ итгэх итгэл, сайн сайханд тэмүүлэх эрмэлзэл төрүүлэх гэсэндээ энэ бүхнийг хийсэн юм. Уудам хүүг хараад өнчин гэж гунилгүй дэлхий нийтэд өөрийгөө таниулах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон.  Тийм болохоор эмэгтэй хүнийхээ үүргийг биелүүлж, хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг болгон нүдэнд нь баяр гэрэлтээд гарч байгааг харах сайхан байсан. 108 лам хүүхдүүдээрээ монголын мянга мянган хүүхдүүд ээжтэйгээ аз жаргалтай амьдраасай, битгий өнчрөөсэй хэмээн уншуулсан. Хүүхэд өнчрөхгүй, муу үйл бүхэн  холуур өнгөрдөг нийгэм удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Тиймээс үр хүүхдээ битгий өнчрүүлээчээ  гэж эмэгтэйчүүддээ хүсмээр байна.
-Уран бүтээлчийн замыг сонгосон нь та хоёрын хувийн амьдралд хэр нөлөөлж байна. Зарим нэг урлагт зүтгэсэн олны танил хүмүүс олон давхар хауст амьдардаг гэж бахархах дуртай байдаг. Та хоёрын хувьд?
-Монголчуудын хувьд байр машинтай бролохыг зорилгоо болгосон байдаг. Уг нь  энэ бол хүний амьдралын зорилго биш хэрэглээ. Бидний хувьд байртай машинтай бусдын л адил амьдарч байна.
-Ирээдүйн зорилго?
-Хүмүүст хэрэгтэй зүйл хийх. Сайн уран бүтээл туурвиж, хүмүүст бага ч гэсэн ухаарал хайрлах нь бидний хүсэл. “Хөх толбот хүмүүс” кинонд миний хэлсэн нэг үг бий. “Монголчууд яагаад дэлхийгээр нэг тарсан гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл ийм сайхан сэтгэлтэй хүмүүс бол монгол хүн шүү гэдгийг дэлхийгээр нэг мэдрүүлэхээр тарсан юм” гэж хэлдэг. Энэ их гоё үг л дээ. Бид баян байх, том хауст орохыг хүсэхгүй. Харин хүмүүст  эрч хүч, ухаарал хайрласан хамгийн сайхан уран бүтээл хийхийг хүсдэг.
-Дээхнэ үед урлагаар хүнийг хүмүүжүүлдэг гэж ярьж хэлдэг байсан. Тэгэхээр танай хамт олон тэр үзлийг сэргээж байна гэж болох уу? Учир нь хүмүүжлийн гэхээсээ илүүтэй мөнгөний бүтээлүүд их гарах болсон гэж үзэгчид дүгнэдэг.
-Хүмүүс тэгж ойлгодог бол сайхан л байна. Ямар ч байсан бид үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайн бүтээл хийхийн тулд хичээж хөдөлмөрлөсөөр байх болно.
- Зөндөө удаан ярилцаж завгүй их ажлыг тань алдуулсанд уучлаарай. Манай уншигчдэд хандаж сэтгэлийнхээ үгийг хэлээч.
-Юуны өмнө би танай Шууд ТВ, Shuud.mn сайтын хамт олонд маш богино хугацаанд амжилттай ажиллаж чадсанд нь их баярладаг. Танай хамт олон хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн байр сууриа бий болгож чадсан. Хамгийн богино хугацаанд маш шуурхай байж чаддаг. Шуурхай байна гэдэг орчин үеийн хэмнэл. Хамгийн шуурхай, хамгийн хурдтай байж чаддагт нь хүндэлж, бахарахдаг. Илүү ихийг хийж, хурдан шуурхай байдлаа үргэлж хадгалж яваарай. Танай сайтын уншигчдад хандаж хэлэхэд зөвхөн өөртөө бүхнийг даатгаж амьдраарай. Бүхнийг өөрөөсөө эхлүүлж, хамгийн сайхан бүхэн таны гарт, зүрх сэтгэлд тань байгаа гэдгийг санаж амьдралыг дандаа өөдрөгөөр харж яваасай. Мэдээлэл уншихдаа ч сонин сэтгүүл уншихдаа ч хэн нэгнийгээ битгий муугаар бодож байгаасай. Таны үлдээсэн сэтгэгдэл бүрийн цаана хэн нэгний зүрх шархалж, хэн нэгний амьдрал буруугаар эргэж байхыг  үгүйсгэх аргагүй. Тийм болохоор нэг нэгнийгээ хайрлаж байгаасай л гэж хүсч байна.
-Зав гарган ярилцсанд баярлалаа. Та болон таны гэр бүл хамт олонд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
П. Нарандэлгэр

eh survalj: http://www.shuud.mn/2012/01/30

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам