Цэнхэр жигүүр

Сайн байна уу? Эрхэм анд минь.  Хөвсгөл аймагт зохиогддог Мөсний баярыг сонирхож үзсэн  талаархи сэтгэгдэлээ оруулж  байгаадаа баяртай байна. Хотод өсөж төрсөн бидний хувьд Монгол гэдэг нэр тэр чигээрээ эх нутаг минь санагддаг хэдий ч эх орныхоо байгалийн сайханд очиж  үзэх завшаан тэр бүр олддоггүй билээ.

Миний суусан машин өндөрлөг өөд өгссөөр л байлаа. Хаяа машин зогсох бүрд  гадаа гарч шөнийн  тэнгэрт битүү түгсэн оддоос адис аван цэнгэг агаарт нь шунан дурлаж байв.  Замд гарсан шөнө цас шуурч зам таглагдаж, олон машин цасанд суусан байлаа. Харин манай машин яагаад ч юм бэ эх нутгаадаа гүйх унага адил нисэх мэт хурдалсаар байгаа нь гайхалтай.

Ингээд товлосон цагаасаа хамаагүй эрт нар мандаагүй байхад Хөвсгөл аймгийн төв Мөрөнд буулаа.

Арваад жилийн өмнө Тойлогтод болдог тэмцээнд ирээд буцахдаа цэлэлзэн цэлэлзэх энгүй уудам далай ээжийг хараад баясан хөөрч, бахархах сэтгэл төрж байсан билээ. Хаашаа ч юм бэ биднийгээ орхиод явсан эмээгээ би тэр далай ээжийн наранд гялтганах гайхамшигт гялбаан дундаас олж харах шиг, хэзээ ч уулзаагүй ч мөнхөд хүлээсэн дэлхий ээж минь тэвэрч аваад духыг минь илбэх шиг тийм нэгэн сайхан мэдрэмж төрж,  тэр сайхан мөчийг сэтгэл зүрхэндээ нандигнан мөнхөлсөн байсан юмсан.  Далайн мандалд  гялалзах нарны гэрэл хичнээн тансаг гээч. Одоо ч нүдээ аниад түүний аниргүйд уусан эрхэлмээр...

Харин өнөөдөр би эх нутагтаа ирлээ. Хэнийг ч танихгүй хаачихаа ч мэдэхгүй байсан хэдий ч  сэтгэлд бугшсан гуниг гутрал айдас түгшүүр, үл итгэл үзэн ядалтын ханыг нураахаар, басхүү өөрийгөө нээн олохоор энд л  эх  нутгийнхаа өндөрлөг өөд тэмүүлсээр ирсэн гэдэгтээ л  итгэлтэй байлаа.

Тэгээд саяхан оны өмнөхөн нээлтээ хийсэн шинэхэн Тэнхлэг гэдэг нэртэй зочид буудалд буудаллаа. Шинэхэн бас тавлаг сэтгэлээсээ бүхнийг тохижуулсан энэ айлд буусандаа баяртай байлаа. Хотын шавааралдсан олон барилга,  нүд эрээлжлэх элдэв авцалдаагүй  зарлалын  самбар шиг бүхнээс залхсан  би нүүрэн дээрээ нохойтой орж болохгүй гэсэн баг зүүгээгүй энгийн эгэл даруухан улаа бутарсан хүмүүсийг харахад сэтгэл их л өег байлаа.

Мөрөн хотоо нар зөв тойрохоор шийдэн  өрөөнөөсөө гарлаа. Хамгийн түрүүнд  Хөвсгөл аймгийн музеигээр зочиллоо.   2010 оны 7 сарын 27-ны өдөр Манжийн дарлалын эсрэг үндэсний тусгаар  тогтнолыг сэргээхийн төлөө ард түмний зэвсэгт тэмцлийг удирдсан  Хотгойдын Шадар ван  Б.Чингүнжав/1710-1758/- ын 300 жилийн ойг тэмдэглэсэн ажээ.   Зураач Тэнгисболдын   зурсан нэгэн  зургийн өмнө зогсохдоо эх нутгийнхаа хилийн дээсийг алхаснаа,  хэзээ ч эргэж очихгүй эх нутгаадаа салхиар бас тэртээ дээр элин халих  шувуудаар  үг дайж байсан тэр л үед очих шиг.  Үнэндээ түүнийг эх нутгаа гэсний төлөө үгүйлшгүй муугаар тамлан зовоосон юм гэдэг, түүнээс ердөө л эрхий хуруу нь л эх нутагтаа ирж амирласан гэдгийг сонсоод сэтгэл өмөрч байлаа. Яагаад ч юм бэ яг одоо би бас бид эх нутгаа монголын минь түүх хаашаа нүүж байгааг мэдэх сөхөөгүй амин хувиа бодож байгаадаа, тавлаг амьдрал хэдхэн төгрөгний төлөө нэр төрөө ясаа үзэл бодол  итгэл найдвараа гээж байгаагаа, байсан байх ч ёстой миний монголын уул нурууд гол горхио хаанаас ч эрээд хайгаад олж чадахааргүй тэднийгээ хийсгэн үдэж байгаагаа,  арчаагүйн торноос хэрхэн мултрах вэ, яавал дээр вэ хэмээн бодолхийлэн зогсохдоо    газар шороо гал голомт минь хэмээн шивнэсэн юм.

Түүх түүхийг төрүүлдэг шүү дээ, бидний бичиж туурвих түүх ямар  байх бол...

Хөвсгөл нутагт  бидний багадаа уншиж байсан Шүхэрч Буниа өгүүллэгийн баатар Гэлэнхүү тэр үеийн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд  ядуу ард Хайнзангийн хүү болж төрсөн ажээ. Тэрээр багадаа эцэг эхийн  үнэн сүслэлийг даган Агьтын хүрээ, Мандахын хүрээнд  шавилан сууж байгаад удалгүй сүмээсээ оргон төрсөн нутгийнхаа уул нуруудад ан гөрөө хийж амьдрах болжээ. Эцгийнхээ  дарх хийхэд хажууд нь  байсаар байгаад  аливаа зүйлийг урлан бүтээхдээ адтай нэгэн болжээ.   Музеид  Гэлэнхүүгийн    хэрэглэж байсан модны уранд эвлэгхэн бэхлэгдсэн алх дөшийг хараад одоо ч гэсэн олон олон гайхамшигтай бүхнийг  шинээр сэдэн хийхдээ бэлэн байгаа нь түүний  хадат цохион дээрээс жигүүрээ дэлгэн нисэж байгаа эрч хүчийг давтан цохих алх дөшний  анир цуурайтах шиг. Одоо цагт түүний Тэнгэрт шувууд адил нисэн дүүлсэн домог мэт түүхийг  алдаршуулан Мөрөн хотын нисэх онгоцны буудал дээр түүний жигүүрлэн нисэж буй хөшөөг байрлуулсан  нь өглөө бүхний нарыг тосон тэмүүлж үдэш бүрийн оддын чуулганд цэц булаацалдах мэтээ.

... Сэм сэмхэн санаа алдан зүрхээ би чагнана
Сэрүүн сайхан нутгаа хэн хэнээс илүү би үгүйлнэм
Өндрийн өндөрт байдаг юм миний эх орон
Өөрөөсөө ч илүү чамдаа би хайртайсан эх нутаг минь...

Тиймээ, тэнгэрт тэмүүлсэн Монголын минь мөнхийн оршихуй нэгэн цагт  өндрөөс өндөр хүүгээ өрлөг далайдаа буулгажээ. Тэр бол мөн л Гэлэнхүүгийн нутаг  болох Далай Чойнхор вангийн хошууны Тулт, Бага булаг  хэмээх газарт Пүрэвийн хүү болон 1881 онд мэндэлсэн өндөр хэмээн алдаршсан Гонгор/1881-1930/  байлаа.   Монголын домогт хүү П.Гонгор Богдын өргөмөл хүү нэрээр хүрээнд сууж, Сайн ноён хан Намнансүрэнг  дагалдан Петрбургт  очиж байсан тэрээр  Богдын их сангийн даамал болж байсан төдийгүй   1925-1926 онд гаалийн хороонд шалгагч хийж байсан,  арван засгийн наадамд гурван даваатай, 2 хүү 2 охины эцэг эгэл даруу хүнд тусархуу, цагаан цайлган хүн байжээ. Эхнэр Должинсүрэнд түүнд жаран хурганы арьс зүүж дээл хийж,  төлгөн хонины арьсаар малгай хийж өгдөг байжээ. Түүний гутлыг жирийн хүн өмсөхөд аарцагт нь хүрдэг байсан байна. Өндөр Гонгор моринд мордолгүйгээр зүгээр л хөлөө давуулаад мордчихдог байсан  аж. Түүнийг 2 метр 60 см орчим өндөртэй байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг юм байна.  Хөвсгөлийн музеин өмнө өндөр Гонгорын бодит хэмжээн дээр тулгуурласан хөшөөг харж зогсохдоо үлгэрийн аварга баатар домгоос амилан гараад ирээ юу гэмээр байлаа.

Уг музеид монгол ардын наадгай тоглоом, хөгжмийн зэмсэг, Бурхад, алтан ганжуур данжуурын эх, нутгийн ан амьтад жигүүртэн шувуудын чихмэл,  үндэсний соёл ёс заншилыг илтгэх  дээл хувцас эдлэл хэрэглэл гээд л бүр МЭӨ арслан зааны соёо хүртэл байлаа.

Музеигээс гарахынхаа өмнө түүхийн эхлэл хаана байна,  түүхийн төгсгөл хаана байна хэмээн өөрөөсөө асуун зогсохдоо наян жингийн дөнгөөр нутгаа худалддаг этгээдүүдийг дөнгөлөхсөн хэмээн  гуниглан бодсоноо нуух юун.

Миний дараагийн орсон газар бол Улсын тэргүүний өсөх нахиа 3 дугаар цэцэрлэг байлаа.  Аргагүй л улсын тэргүүний гэсэн нэрэндээ тохирсон өхөөрдөм тоглоомуудаар цэцэрлэгийн хашаагаа дүүргэсэн хүүхэд шуугисан нялх нахиа модонд нь нахиалсан хаврын урь шиг сайхан цэцэрлэг маш их таалагдлаа. Бяцхан хэрэм модноос зүүгдэж, буга хандгай нь цаатныхаа   урцын өмнө дүүхэлзэн, цох хорхой жаран хөлт газарт шигдэн нуугдсан аварга том мөөг, шийгуагаар хөөрхөн саравч хийсэн зэрэг нь үр хүүхэд ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэлээ шингээн урласан   бүтээлүүд байлаа.

Салхи хаяа хаяахан ширүүснэ. Хотын нөмөрт хоргодсон утаатай  цас,  машины сигнал ундууцсан хүмүүс аль нь ч алга,  харин  хацар нь улаан ч нүд нь гэрэлтэй цаанаа л нэг алсыг харан алхах эрүүл хүмүүс нүдэнд тусч байлаа.  Би явсаар нэгдсэн эмнэлэг дээр ирлээ. Уг эмнэлгийг 1971 онд БНМАУ -ыс 50 жилийн ойн баяраар Зөвлөлтийн ард түмнээс иж бүрэн тоноглолын хамт бэлэглэсэн аж.  220 хэвтэн эмчлүүлэх ортой, 4 давхар тус эмнэлгийн нэгдүгээр давхараар нэг бүрчлэн орж үзлээ.  Эмнэлэг болохоор мэдээж хүмүүс их үйлчлүүлж байлаа. Олон алдартантай гавьяатуудыг төрүүлсэн энэрлийн дээд Бурхан эмч нартаа сайныг ерөөн эмнэлгээс гаран хаачихаа харан зогсох агшинд нэгэн залуу уур завсуулан энгэр задгай  эмнэлгийн хаалгаар гарч ирлээ. Би  хамаг товч бүчээ битүүлэн зогсохдоо түүн рүү ажин харвал баньдтай боллоо, хүүтэй боллоо хэмээн чангаар хэлэн цаана машинд хүлээн суугаа гэрийнхэн рүүгээ гүйсээр одлоо.

Тиймээ хүйтэн жавартай энэ л өдөр , яг одоо энэ агшинд  Миний монголд нэгэн хүү мэндэллээ. Би ч бас баярлан хөөрч дуу аялсаар хотын төв талбай руу алхлаа.  Арваад жилийн өмнө ирэхэд БНМАУ-ын баатар Лхүнрэвийн Даваадоржийн хөшөөтэй, түүний нэрээр уг төв талбайг нэрлэдэг байсан бол харин өнөөдөр Хотгойдын шадар ван Чингүнжавын нэрэмжит болсон байлаа.

Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй... хэмээх бичээстэй өндөр сүрлэг гартаа манжийн амбанд өргөх бичгээ атган тэнгэр өөд цоройх мориндоо мордсон Чингүнжавын хөшөө  нэн сүрлэг аж. 

Амандаа Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй хэмээн шивнэсээр би зочид буудал руугаа буцлаа.  Маргааш нь  нөхөр охин хоёртойгоо хамт мөсний баярыг үзэхээр Хатгал руу хөлгийн жолоогоо заллаа.



2 comments:

  1. Greetings from Finland. This blog is fun to explore, through other countries, people, culture and nature. Come take a look Teuvo pictures blog. Also tell all your friends why he must visit Teuvo pictures blog. Therefore, to obtain your country's flag rise higher Teuvo images to your blog flag collection. Have a wonderful weekend Teuvo Vehkalahti Finland

    ReplyDelete
  2. Ataarham saiyhan ayalal boljee. Saihan ch ayanyi temdeglel baina. Bicheed baigaarai....

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам