Тэнгэрийн хүү


Хязааргүй  уудам тэнгэрт  асах олон оддоос хүн бүхэн хувь заяагаа асуудаг тийм нэгэн цаг байжээ. Тэр үед хүн бүхний хувь зохиолыг одод өөрийн аргаар зуран буулгасаар л байлаа. Ид шидийн гэмээр энэ бүхэнд эхэндээ хэн хүнгүй дуртай, баяр жаргалтай байдаг байлаа.  Гэвч энэ цагаас хойш олон зуун жил өнгөрч гэнэ. Хүмүүс аажмаар итгэхээ больж зүгээр л үлгэр домог адил бүгд мартаж эхэлжээ.
... Одод битүү ассан нэгэн шөнө бяцхан хүү уул руу явахаар гэрээсээ гарчээ.
Тэрээр  өндөр уулын оргилд өнгөт одод буудалладаг юм, өр зүрхэнд нь тэгээд өөрийнх нь мөрөөдлийг шивнэдэг юм гэсэн өвөөгийнхөө үгэнд итгэсэн болоод л тэр юм.

Хүү шөнийн харанхуйд маш их айж байсан боловч заавал уулын оргилд гарах ёстой "Би чинь эр хүн шүү"  дээ хэмээн өөрөө өөртөө тушаан алхсаар л байлаа.  Аман дотроо "би эр хүн, би эр хүн хэмээн бувтнан байснаа арай чангаар би бол эр хүн, би бол эрэлхэг зоригтой эр хүн, би эх нутгийнхаа хүү нь, би энэ монголынхоо эзэн нь, би хөх тэнгэрийн хүү, би олон оддын мөрөөдлийг сонсох гэж яваа эр хүн"  хэмээн өөрөө өөртөө хэлэн урагшилсаар л урагшилсаар л , оддын гэгээ сарны туяагаар баримжаалан хадат өндөр уул өөд мацсаар л , мацсаар л байлаа.

Айж даарч байсан ч би чадна гэсэн итгэл нь түүнд урам өгнө.  Эмээгийнхээ үнэрлэх бүрдээ хэлдэг "Миний амьд Бурхан минь"  гэдэг үгийг хэтэрхий их санасан  болохоор сэтгэлдээ  "Эмээ хүү нь таныхаа амьд Бурхан,  хүү нь таныхаа амьд Бурхан, хүү нь таньдаа хайртай эмээ минь"  хэмээн холын холд хаашаа ч юм бэ одсон эмээгээ бас өвөөгөө сэтгэл дотроосоо хайн тэднийг нь өндрийн өндөр уул л ,  уулын оройд одод буудалласан яг л энэ л шөнө   түүнд өгөх юм шиг, тэднийх нь хайрыг авчрах юм шиг, тэднийх нь үгийг дамжуулан шивнэх юм шиг санагдаж байсан тул хүү улам хурдлан алхаж, нулимсаа арчин урагшилсаар л урагшилсаар л байлаа.

Уулын орой хэдхэн алхмын цаана харагдаж байлаа. Түг түг  зүрх нь улам хүчтэй цохилон, сэтгэл нь догдлон догдолно. Ямар нэгэн гайхамшигт ид шид болох гэж байгаа юм шиг энд нам гүмхэн ноёлно.

Цээж нь хорсон амьсгаа нь давхцаж байсан тул хүү жаал амсхийхийн  тулд  дээшээ харж хэвтлээ. Тэрээр цурхиран уйллаа. Бүр их чангаар уйллаа.  Түүнийг тэнгэр тэвэрч авч байгааг, түүнийг тэрээр намуухан бүүвэйлж байгааг, түүнд зориулан одод сансар огторгуй бүгд л дуугаа дуулж байгааг,  салхиар элбэн таалж, саламгүй жаргалыг бэлэглэж байгааг мэдэрч байлаа.

Ганцаараа, ганцаархнаа гэж бодож байсан өнчин зүрх нь агуу бүхнийг мэдрэн мэдэрч байв.

Хүү босож уулын оргил тийш аажуухан алхлаа. Тэнгэр улам ойртсоор л ойртсоор л байлаа. Яг оргил дээр гарах агшинд  хязгааргүй одот тэнгэр түүнийг тэвэрч аван зулайг нь илбэн салхи түүнийг эвийлэх мэт, өндрийн өндрөөс одод дуулалдан , үлгэрийн жаргаланг шивнэх мэт, Бурхадтай, ододтой  наадаж байх шиг,  дэндүү сайхан бүхэнг мэдрэн  хязгааргүй бүхэнтэй нэгдлээ тогтоож байлаа.

Гараа алдаллаа, алгаа дээш харууулан  дээш өлийн өлийн өндийлөө. Хязгааргүй оддын зүг аялж байх шиг, хамаг бүхэн түүний төлөө оршин байх шиг, орчлон хорвоогийн учир шалтгаан одоо түүний өмнө ном адил дэлгэгдэж байв.

Нам гүмхэн  аниргүйн жаргалангаа   басхүү  баяр хөөр хайр  энэ бүхнийгээ  нандигнахын тулд хүү уулын бэлээс түүсэн гурван  чулуугаа өрлөө. Дунд нь гэрээсээ авч гарсан хатсан адууны хомоолыг асаалаа.

Улмаар хүү завилан суугаад залбирч эхэллээ. Хацрыг нь даган халуун нулимс унахуйд хомоолын үнэрт хайртай бүхэн нь ирж байлаа. Өвөөгийинх нь хөөмийлдөх дуу алсын тэртээх тэнгэрт дуурсан, эмээгийнх нь өргөсөн цацал тэнгэрт сүүн зам татуулан  гэрэлтэж, тэнгэрт тулсан тулгын гурван чулуу нь өр зүрхийг нь тэнгэрт гагнах шиг  ээ.

Одод чуулсан тэр л шөнө хүү анх удаагаа хээр хонож  орчлон хорвоог тэр чигээр нь зүрхэндээ багтаасан байв.

...Тэр цагаас хойш олон жил, дэндүү олон жил өнгөрчээ.  Бага насны хүсэл мөрөөдөл үлгэр адил мартагдсан ч хаяа хаяахан одод огторгуйг харах бүрдээ орчлонгийн юм бүхэнтэй нэгдлээ тогтоож, хайртай бүхнээ нандигнан даатгадаг байлаа.

Цаг болжээ. Одоо түүний өвөр дээр бяцхан  охин нь сарвалзана. Гэрэл гэгээнээс итгэл атган авах гэж байгаа мэт гар нь савална, түүний очтон гэрэлтэх харцнаас хязгааргүй бүхнийг хүү дахин мэдэрлээ.

Тиймээ, энэ бол хайрын үргэлжлэл, энэ бол амьдралын мөнхийн үргэлжлэл, энэ бол баяр баясгалангийн үргэлжлэл билээ...

Амьдрал үргэлжилсээр, итгэл мөрөөдөл салхи татуулан уулын оргилд хурганам, алсын одод үлгэр шивнэн байнам ....

Агшин бүрийн дотор орших хязгааргүйн дуулал, хязгааргүй бүхэнд орших агшин. Анхны үрийн уйлах дуу, байгал эхийн гоо үзэсгэн түүний нудэнд илрэн гарч байлаа.

/ Ах таньдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе /

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам