сансар огторгуй минь дээ..

... орой болжээ.

Бид бүгдээрээ гар гараасаа атгаад хязгааргүй одот эрхэсийг харан зогсож байна. Энд биднийг нэг л зүйл холбож байна. Тэр юу вэ гэвэл бид бүгд далавчтай. Тэрээр гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч сэтгэлийн гүндээ жигүүрлэн жигүүрлэсээр ирсэн тийм л далдын ариухан жигүүртэй билээ бид.


Өөрийгөө даван туулахын тулд, өрөөлд итгэл хайр бэлэглэхийн тулд, эрх чөлөөний дууч шувуу болохын тулд, энгүй уудам орон зайд үл тээртэн бид бүхий л насаараа ниссээр л ирсэн .

Гариг андуураад бууж ирээгүй юм шүү бид, галтай цогтой амьдрах гэж, хязгааргүй баяр жаргалангийн үргэлжлэл болсон энэ жаахан дэлхийдээ эрхэт тэнгэрийн эрх чөлөөг мэдрүүлэх гэж ирцгээсэн буй за.

Өнөөдөр бид хамтдаа зах хязгааргүйд нисэн дүүлж байна, хэмжээлшгүй их хайраар мөнхөд хайрлах итгэлтэй андыгаа олсон мэт тийм их баяр хөөртэй байна бид өнөөдөр.

Бодол санаа, сэтгэл зүрхтэй минь мөнхөд уяатай бидний мөрөөдлийн мөнгөн шувууд хорвоо ертөнцийн чанадын чанд руу нисэн одном.

Аяа зах хязгааргүй баяр баясгалангийн ундарга сансар огторгуй минь дээ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам