энэ Монголдоо эд эс адил шингэн уусахсан..

Байгаль дэлхий өнгөө хувирган миний Монголд цасан цагаан өвөл ирлээ.   Өглөө эртлэн Туул гол дээр очиход цан хүүрэг татуулан гол зарим газраараа зайрмагтан хөлдөн,  харин зарим газраараа  хоржигнон урссаар л...

Цав цагаахан цас газар дэлхийг битүү хучжээ. Өглөөний нарны туяа уулын цаанаас мишээн мишээхэд энэ Монголд минь нэгэн шинэ өдөр айлчлан ирлээ.

...өдөр бүхэн хүмүүний амьдрал номын хуудас адил түүхээр нэмэгддэг. Үүн лугаа цав цагаахан цасан дээр нэгэн мөрөө гарган хүмүүн би алхаж байна. Гадаа хүйтэн цантай жавартай хэдий ч сэтгэлд минь дулаахан эх орон таныгаа өвөлтэй нь ч зунтай нь ч, хавар намартай нь ч тэр чигээр нь нандигнанам.


Таны сүрлэг олон уулсадтай, таны шаргалтан өрөмтөх элсэн толгодтой, таны цэлэлзэн мяралзах нуур устай, таны ташуурдан орох бороо бас цастай олон зууныг үдэхсэн.

Хэзээ ч очиход нөмөрлөн авдаг хайрхан таньдаа, хэзээ ч очсон тэврэн авдаг тэнгэр ододтой,  хэзээ ч бас тайтгаруулж  аргаддаг таны шиврээ бороо, цасан хаялгатай, хэзээд   өр зүрхэнд минь анирладаг ардын дууны шуранхайтайгаа энэ Монголдоо эд эс адил шингэн уусахсан...

Атганд минь хайлах цас хайлан хайлахад амьсгалд минь  бүлээцэх  агаар та юутай нандин байнам...

цасан дээр сувдрах гэрлэн талст, цацлаа өргөх мянган ээжийн зүүн цацал, алсаас наашлах адуун төвөргөөн, амин зүрхэнд минь лугших бөмбөрийн дэлдээн,  энэ Монголдоо л үүрд байхсан, энэ бяцхан  эх дэлхийтэйгээ мөнхөд эргэн эргэхсэн...

Цаг хугацаа урсан одохдоо хайртай бүгдийг минь юунд   надаас нууна вэ, цаг хугацаа анирлан наашлахдаа аниргүйн бүжгийг юунд надад заана вэ...

Гэрэл гэгээ адил хорвоод аз жаргалан  ирсээр буцсаар ..

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам