Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Ээжээ хүү нь таньдаа хайртай ...
Орхиод явсан тэр ээжийгээ маш их үгүйлдэг байсан. Харин одоо бол би үгүйлэхээ болисон. Учир нь яг одоо би ээждээ маш их баярлаж байна. Яагаад хажууд чинь хайр энэрлээ үзүүлж чадахгүй чамайг орхиод явсан ээждээ баярлаж байна гэж үү.
Тийм ээ, хэрвээ би хүн болж төрөөгүй байсансан бол
амьдрал хэдий хүнд хэцүү хэдий ч тэмцэхээс өөр аргагүй тийм сайхан юм гэдгийг яаж мэдэх билээ дээ.
Ээжээ, одоо хүү нь амьдралд хайртай, амьдрал өгсөн таньдаа талархаж байна. Аав таныг байхад ч архи уудаг байсан. Одоо бүр их уудаг болоод байгаа. Гэхдээ ээжээ, хүү нь аавдаа бас таньдаа итгэж байнаа. Учир нь та хоёр минь миний эхлэл, бас намайг энэ хорвоо дээр төрүүлсэн ачтанууд шүү дээ. Та хоёр минь миний хувьд дэндүү эрхэм. Амьдралын цохилт шиг минь нандин.
... Аавыг маань хүмүүс архичин согтуу хэмээн адалдаг. Гэхдээ хүү нь харин ааваараа бахархаж байнаа. Аав минь архи их уудаг ч гэлээ их өрөвчхөн. Дандаа л бусдад тусалж явдаг. Дандаа л хүнлэг занг мэдрүүлж байдаг. Тийм болохоор хүү нь аавыгаа архичин хүн муухай хүн гэж боддоггүй. Бусад хүмүүс яаж бодох нь хэнд хамаатай билээ дээ. Харахад муухай нийгэмд өөрийгөө аваад явж чадахгүй юм шиг боловч, хүүгийнх нь хувьд аавыгаа би хичнээн баян сайхан амьдралаар солихгүй ээ.
Ээжээ, хүү нь итгэж байна. Сайн сайхан амьдралд хүрнэ гэдэгтээ итгэж байна. Ус болдог гутлаасаа ч би ичихгүй байна, уранхай хувцаснаасаа ч ичихгүй байна, уруу дорой харагддаг энэ амьдралаасаа ч ичихгүй байнаа. Даахин дор эр гэдэг шиг хүү нь өсөж байна. Эрдэм номонд суралцаад хажуугаар нь усаа зөөгөөд амьдрал ахуйгаа болгоод л аавдаа туслаад л гүйгээд л байна.
Ээжээ, нээрээ аав бид хоёр өөрөө өөрсөддөө ажлын байртай болсон. Хн эхэн үедээ айлын ус зөөдөг тэргийг өдрөөр хөлсөлж аваад айлуудад ус аваачиж өгдөг байсан. Харин өчигдөр аав бид хоёр мөнгөө цуглуулсаар байгаад түүгээрээ шинэ усны тэрэг авсан. Бөөн баяр. Хүйтэнд гарыг минь хайрдаг ч гэсэн энэ тэргэндээ аав бид хоёр дурлачихаад л сууж байна.
Өчигдөр аав бид хоёр шөнө гадаа сууж зөндөө олон зүйлийн тухай ярилцлаа. Аав одоо болтол таньд хайртай зөвхөн таныг л хайрладаг гэсэн. Эмээг бурхан болсны дараа аав зөндөө их зүйлийг боддог болсон гэнэ лээ. Та эмээг дандаа асарч эмээгийн төлөө бүхнээ зориулж байсан, бас маш сайхан сэтгэлтэй, их сайхан инээдэг гэж хэлж байхдаа аав их баяртай байсан. Эмээг нь хэвтэрт байхад өөрөө хүү нь мөртлөө та хоёрыгоо их л зовоож байсандаа одоо их харамсаж байна гэж байсан. Аав хэрвээ одоо таньтай уулзах юм бол хамт амьдрахгүй ч гэсэн сайхан хайраар хайрлаж, бүхнээ зориулж байсанд, бас ээжийг нь хүн ёсоор энэрч хайрлаж бөөцийлж байсанд баярлалаа гэж хэлэх юмсан. Хэзээ нэгэн цагт таарах юм бол чин сэтгэлээсээ баярлалаа гэдэг үгийг хэлэхийг ямар их хүсэж байнаа гэж байсан. Бас нэг хөөрхөн хоёр касетны радиотой хөгжимтэй болох юмсан гэж их ярьдаг байж билээ тэрнийг нь аваад өгчих юмсан гэж ярьж байсан.
Ээжээ аав бид хоёр анх та хоёрын анх тааралдсан эмгэн өвгөний чулуун хөшөөн дээр байнга ирдэг. Хүү нь одоо энэ хоёрын дэргэд сууж байна аа. Тэгээд л та хоёрынхоо сууж байсан сандал дээр суугаад хажуудаа таныг сууж байна гэж дотроо төсөөлөөд л таньд зориулсан үгээ хүү нь энд ирж хэлдэг юм.
Хүүд нь найз бараг байхгүй ээ, хүмүүсээс нэг талаар жаахан дөлөөд байдаг юм. Хүмүүс хүүхдүүдээ над шиг хүүхдээс хол бай гэж их захидаг бололтой. Харин миний нэг ширээний найз охин маань харин өөр шүү. Хичээлдээ ирэхдээ надад дандаа жаахан ч гэсэн аммтай идэх юм эсвэл дотроо тоглоомтой өндгөн шоколадтай ирдэг. Ганцхан би түүнд л хүн шиг найз шиг харагддаг болохоор би баян байдаг. Хичээлдээ ч их хичээж байгаа хүү нь. Манай ангийнхан манай гэрийг хаана байдгийг ч мэдэхгүй, хэхэ бүр тоггүй гэвэл итгэхгүй дээ. Хажуу айлын зурагтны чимээг сонсоод л болоод л байна. Ямар ч байсан сайхан амьдралыг дотроо төсөөлөөд сайхан амьдарна гэдэгтээ итгэж байна аа ээж минь.
Нэг л өдөр та энд ирээд сууна. Тэр үед энэ эмээ өвөө хоёр аав бид хоёрын талаар зөндөө их зүйлийг танд хүүрнэх байх даа. Та тэр үед хажууд чинь таньтай дэндүү адилхан нэг хүүг сууж байхыг хараарай за. Тэр бол би, таны хүү чинь байх болно.
...Энд ирэх их сайхан байдаг юм. Сэтгэл хөнгөрөөд л яг л далавчтай болсон ч юм шиг, эсвэл нэг их баяр жаргалангаар дүүрэн хүн л болчихдог юм.
За ээж минь хүү нь хичээл рүүгээ гүйлээ. Дараа нь муу аав руугаа очьё. Хөл нь хазганаад дээр нь өдөржингөө усны тэргээ түрсээр байгаад их ядардаг юм.
Нээрээ аав өнөөдөр ус хургэж өгдөг бүх айлдаа үнэгүй ус хүргэж өгнө гэж байсан. Усны тэргээ мялааж байгаа юм гэсэн. Ямар ч л байсан бид хоёр унаатай л болсон болохооор сайхан байна даа.
Ээжээ таньдаа баярлалаа, хүү нь таньтайгаа уулзана гэдэгт итгэж байна, бас голоо тасартал муу аавдаа итгэсээр л байх болноо амлаж байна. Хүмүүс аавыг маань юу гэж хэлэх нь хамаагүй ээ архичин ч гэж хэлж л бай хамаагүй, надад аав минь уул шиг нөмөртэй байдаг юм.
Хүү нь амьдралд хайртай аа ямар их хайртай гээч. Амьдралыг би таныг гэж боддог. Хүн хоосон ядуу байх хамаагүй шуу дээ. Хэн нэгнийг хайрлаж, итгэж, бас ямар нэгэн зорилготой байхад хүн болоод л байна гэж боддог юм.
Ээжээ, хүү нь өглөөний нарны гэрэл гэгээ өөд, илч дулаан өөд гүйж байна. Өдөр бүр сэтгэлд минь гэрэл гэгээ болж ирдэг таньдаа хүү нь хайртай ...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment