Хүү нь удахгүй очноо

Бэлийн чулуу бяц атган өндөрлөг өөд өгсөж байна
Бие сэтгэл минь саруулжин ухаажихыг юутай их хүснэм бэ
Өндрийн өндөрт өргөсөн өргөл минь тэрээр
Өөрийг минь төлөөлөх тэнгэрийн тулгатай хүйн холбоотой

Алсаас хүрэнтэх уул толгод минь
Орхисон шагай шиг сэтгэлд минь богтлоотой ч
Амин зүрхээ даран даран нутгийн тэнгэрээ санагалзахуйд
Орчлонд ганцхан одот тэнгэр нь зүрхэнд минь мэлмэрнээ

Хүй орчлонгийн ус бүхэн адилхаан
Хүлээх хэрэггүй ээ урагшил урагшил хэмээх шиг урсана
Хонхон дуугаар хөлд орсон таанын үнэрт талдаа
Хүү нь удахгүй очноо эх нутаг минь Та хүлээгээрэй

Угтаад тосох өвгөд минь одсон ч
Уучил үрээ,  би эргээд ирнээ эх орон таньдаа
Утаатай гэртээ уйлж дуулах л гэж төрсөн юм би
Ухаант ардынхаа дунд эрхлэн нялхамсах  л гэж Би монголдоо заясан юм аа

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам