Эмээ минь айлын ганц охин эрх танхил өссөн хэдий ч 7 хүүхдийн эх төдийгүй алс холын зүйлийг мөрөөдөж чаддаг гайхалтай уран бас хүү гоо үзэсгэлэнтэй хүн байлаа. Эмээ минь Энэтхэг оронд маш их хайртай байлаа. Тэрээр Агуу удирдагч Неру, Таж Махал, Эзэд Бурхад, Заан Бурхан, Ганга мөрөн, үлгэрийн мэт гоо охид, хүчирхэг баатарлаг эрчүүд, дуу хайрын өлгий мөнхийн халуун дулаан Энэтхэг орны талаар яг л үлгэр адил ярьдаг байв. Тэр цагаас хойш эмээ бид хоёр хүжний анхилам үнэрт үлгэр адил Энэтхэг орны тухай хүүрнэлддэг болсон юм. Түүнээс хойш би Энэтхэг орныг зүрхэндээ нандигнах болсон байх.
Харин эргээд бодоход эх дэлхийн хайрын өлгий, ариусал, гэгээрэл, хүчирхэг байдлын төлөөх амар амгалангийн нууцыг агуулах Агуу Энэтхэг орон үнэхээр гайхалтай. Харин энэ өдөр би бээр Энэтхэг орны талаарх бодлоо тантай хуваалцах гэсэн юм. Энэтхэг орныг Ганга мөрөн, Таж Махал, Агуу Бурхадгүйгээр төсөөлөшгүй билээ.
Нэг. Ариун Ганга мөрөн
Ганга мөрөнг аливааг ариусган, ариутгах хүчтэй гэдэг. Бүгд л бие сэтгэлээ ариусахын тулд Ганга мөрөнд очиж угаал үйлддэг. Үнэндээ эх авсан уулын цөм нь тэр чигээрээ мөнгөнөөс тогтдог учраас мөнгөний ханасан уусмал гол мөрөн болж урсахдаа ариутгах чадвартай болсон аж. Гахц хүү хүмүүний агуу итгэл сэтгэл Бурханы бэлэглэсэн энэ ариун мөрнийг улам хүчирхэг болгосны нууц гэлтэй. Ганга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн хүн төрөлхтөний дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой. Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг.
Хоёр. Таж Махал
Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан 1632-1653 онуудад бариулжээ. Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Орон орны алдартай мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл гэдгээрээ алдартай болсон билээ.
Хаан Шах Жахан Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Харамсалтай нь Хаан эцгийгээ хамаг ухаан санаагаа энэ бунханд хандуулж байгааг буруушаан хүү нь эцгийгээ Таж Махалыг алсаас харагдах газар аваачин насан эцэслэтэл нь хорьсон юм гэдэг. Нэгэн хайрынхаа төлөө их хаан гэлтгүй тэмцэж байсан хааны эцсийн хүсэл юу байсан бол, эцсийн амьсгалаа барагдтал хайрынхаа төлөө ингэж тэмцэх хүн хэд байгаа бол...
Дутуу улдсэн бунхан Тажмахалын оройгоос одоо нарны гэрэл тусах бус харин борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг. Таж Махал өнөөдөр хүн төрөлхтөнд хайр сэтгэл , харамгүй тэмүүлэлийн нэгэн түүх болон мөнхөрчээ.
Гурав. Үхэр
Энэтхэгчүүд үхэртэй яагаад ийм болгоомжтой харьцдаг болсон юм бол. Энэ нь тухайн орны гол стратеги байж болох юм. Хэрэв мах идээд мал аж ахуйг эрхэмлэсэнсэн бол өнөөдөр тэндээс агуу суутнууд төрөх байсан уу, энэрэл нигүүлслийн өлгий гэгдэх байсан уу, маханд шунан дурлан залхуурч сэтгэл оюуны хувьд доод түвшинд очихоос болгоомжилж бас байгалиа хамгаалж хүн ард нь дахин дахин сэргэгддэг ногоон байгал дэлхийтэй харьцдаг хүйн холбоог таслахгүйн тулд үхрийг Бурханчлан шүтсэн байх.Үхэртэй холбоотой олон сайхан домог үлгэрүүд Энэтхэгт байдаг.
Дөрөв. Бурханлаг үзэл буюу хүүхдийн хүмүүжил
Энэтхэг гэж хэлэхэд Бурхадын өлгий гэсэн бодол төрдөг. Учир нь дэлхийн, хүн төрөлхтөний ухамсрыг дээд түвшинд аваачих гэж буусан хүмүүс дандаа Энэтхэгт л төрдөг. Тэндээс мөнхөд хүн төрөлхтөнийг оргил өөд дуудагч Суутнууд, Гэгээнтнүүд мянга мянгаараа төрдөг. Үүний учир шалтгаан нь энэ орны хүүхдийн хүмүүжил олгох уламжлад байгаа болов уу гэж бодож байна. Хэдэн зууны тэртээгээс Энэтхэгчүүдийн гол бахархал бол ирээдүй хойчдоо хийж буй хөрөнгө оруулалт аж. Тэд хүүхдийг бага наснаас нь Аашрам хэмээх гэр сургуульд аван эрийн цээнд хүртэл нь дэлхийн гол гол хэлийг / англи, франц, герман гэх мэт/ заадаг, тоо геометр, одон орон, болон хувилхауйн бүх төрлийн шинжлэх ухааны салбаруудын хичээлийг өөрийн орны эх түүхийн хамт системтэй заадаг байв. Мөн бие бялдрын боловсролд онцгой анхаарч иог, сэтгэл засал, бясалгал, мөн спортын бүх төрлийн хичээлийг заавал үздэг нь өв тэгш бие бялдартай эх оронч хөвгүүдийг охидыг мянга мянгаараа төрүүлдэгийн нууц аж. Эдгээр хүүхдүүд эх дэлхий орчлон ертөнцийн мөн чанарт шүтэн барилдсанаар Энэтхэг оронтойгоо салшгүй нэгдлээ тогтоосоор л байгаа түүх одоо ч үргэлжилж байгаа...
Харин өнөөдөр миний Монголд бололцоотой болсон хүмүүс зөвхөн амин хувиа л бодож байна. Хэрэв тэд хүсвэл Монголын ирээдүй сайхан байх нь тодорхой.
Өнөөдөр Агуу Энэтхэг орны үндэсний баярын өдөр. Мянга мянган цэцэгс адил охид торгон сарийгаа өмсөөд энэтхэг гармон хөгжмөөрөө энэтхэг дуугаа дулалдан бүжин буйг эх дэлхийгээ тольдон буй тэнгэр бурхад ч бас даган баясан хөөрч цэнгэж байгаа билээ.
Энэрэл нигүүлсэл, их хайр, харамгүй зүтгэл, эрэлхэг хүч чадал, дээдийн дээдэд тэмүүлэх эх дэлхийн тэмүүлэлийн жишээ болсон эх ороноо зүрхэндээ хайрладаг Энэтхэг орон минь таньдаа мөргөмү....
No comments:
Post a Comment