Бороон дараа

Сайртаж цахлайдсан хацартай, үсээ хоёр салаа чангаас чанга сүлжсэн, бор охин бороо намдахыг ажиж байгаад гэрээс гарлаа.

Бороон дараа байгаль дэлхий сэргэн, шувууд шулганалдан нойтон өвсний толгойг дамжин хөөцөлдөн цэнгэж, тэнгэрээс газар руу газраас тэнгэр рүү хорвоо тэр чигээрээ үг дамжуулан тоглох мэт бүгд л хөгжил хөөртэй.
... Мөнгөн цэцэгс нэг нэгээр шүхэрлэн буун байгаль эхдээ аминчлан хүслээ шивнэнэ. Эх энэ яриаг сонсоод инээдээ барьж ядан мянган мянган мөнгөн цэцэгсийн хүслийг тэнгэр ханьдаа дамжүүлав.



Тэр хоёр балчирхан мөнгөн цэцэгсийн хүслийг биелүүлэхийн тулд асар том солонго болон хувирлаа. Уулс уулс дамнасан агуу том солонго утаа уур савсуулан хундэтгэлтэйе зогсон мөрөөдлийн үүдийг мөнхийн залуу хэн бүхэнд нээн инээд хөөрөөр баясан байлаа. Мянган мянган мөнгөлөг усан талст мөрөөдөл хэмээх итгэл хайраар гагнагдан мөнхийн баяр жаргалангийн үүдийг нээн буйг харсан азтай одтой бүхэн энэ гайхамшгийг харан нүдээ сэтгэлээ тэнгэр өөд тольдон мишээн зогсох ахуйд охин хөлийнхөө улыг гялалзуулан солонго өөд чавхдан одвоо.

Нойтон өвс хөлийг нь ялимгүй хайрч, нүдний нь өмнө амилсан гайхамшиг сэтгэл зүрхийг нь юу юунаас илүү урин дуудаж охин гүйсээр мянган мянган мөнгөлөг цэцэгс ч бас охинтой уралдан гүйсээр л...

Сэтгэл хөөрөн, баяр жаргалан цалгин балчирхан охин солонго руу гүйсээр л байлаа. Түмэн зүйлийн өнгө шидэт гэрлээ цацраан өнгө бүрийн дотор өчүүхэн жаахан дагинас шулганалдан шаагилдан догдлон хөөрнө. Ирж байна ирж байна хэмээн ам амандаа шаагилдан эрх жаахан охинд тэнгэрт тоглох эрх өгөв өө. Агуу том солонгон бүдүүн хаалга, хаалганы дээрээс доош буусан савлуур салхинд савлан савлан байлаа. Охинтой хамт гүйж байсан мянган мянган мөнгөлөг цэцэгс түм бумаараа инээмсэглэл тодруулан гэрэлтэн цацарч, үзэсгэлэн төгөлдөр савлуур болон тогтсон ажээ.

Андынхаа, түм буман андынхаа чин сэтгэлээсээ баясан хөөрч байгааг харсан охин тэсгэлгүй савлуур дээр гаран хоёр гараараа савлуурын баганаас чангаас чанга атган хөлөө доош жийлээ. Салхи татуулан савлуур хөдөллөө. Дээш доош охин хөлөө жийсээр л байлаа. Нааш цааш савлуур улам хүчтэй савалж эхэллээ. Энэ эрч хүчтэй хөдөлгөөнөөс тал тал тийш түм буман гэрлэн дагинас дуу дуугаа авалцан дуулан тэнгэрийн хаянаас чанад руу дуурсан одож байлаа.

Дээшээ хөөрлөө. Тэртээ дээрээс эх дэлхийгээ харлаа. Цэнхэртэн алаглах цэцгийн далай, ногоолин харагдаг энхжингийн өлгий ажээ эх нутаг минь. Доошлон доошлон газар шүргэх төдийд гайхамшигт усан дагинас, гэрлэн бүжгээ бүжих ажээ. Хойшлон хүчтэй хөлөө жийх эгшинд тэртээ алсын тэнгэрийн одод сэм сэмхэн шидэт тарниа өвөр рүү минь шургуулсаар байх юм. Тэнгэрээс газарт, газраас сансарт нааш цааш савлан охин эрхлэн тоглосоор л байлаа.

Охинтой хамт одот эрхэс, тэнгэр газар орон зайд үл тээртэн наадан тоглосоор л байлаа. Хорвоогийн хамаг амьтад мөрөөдлөө охинд даатгасан болоод охин улам илүү, улам өндөрт хязгаарын хязгаарт дүүлэн нисч байлаа. Салхины аясаар түм буман гэрлэн цэцэгс амь орон аливаад итгэл хайр өгөхөөр цэцгэн зам татуулан зүг бүр тийш дуулалдан одов оо. Дээр дээр бүүр дээр савлуур маань тогтох үед тэнгэрийн бурхад гараа даллан байлаа. Хаана хэзээ ч өмнө нь сонсож байгаагүй дуун аялгуу сэтгэлд минь шингэн уусан алдарч, хаана хэзээ ч мэдэрч байгаагүй хайр баяр баясгалан зүрхэнд минь нүдэнд минь асч байлаа.

Орчлон хорвоо гэрлээр дуулан, одот эрхэс тарни шившин, хорвоо тэр чигээрээ хайр баяр баясгалангийн хөгжилтэй тоглолт болон тэнгэрээс газарт шидэт гэрэл шүхэрлэн шүхэрлэн буун, газраас тэнгэрт үнэн, итгэл, найдвар мөрөөдөл бодит оршихуйн тоглолтоор мөрөөдлийн ертөнцийн үүд хаалгыг ертөнц дэлхийд нээн байлаа.

Салхи аажим аажимаар намсан охин газардлаа. Мянган мянган мөнгөн цэцэгс газар дэлхийдээ уусан шингээд, түм буман гэрлэн дагинас тэнгэрийн үлгэрийн тэнд эндгүй дуурсана. Үлгэр анирласан бүхэн өнгө жавхаа нэмэн солонгийн долоон өнгө нь байгаль дэлхийдээ хэмжээлшгүй олон өнгө, итгэл, баяр баясгаланд хувилан байгаль дэлхийг гоён чимсэн байлаа.

Хэн бүхний мөрөөдлийн мөнгөн жигүүр, мөнхөд орчлонд үлгэр шивнэн байхад миний эх дэлхий мөрөөдлийн ботид биелэл байх нь...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам