Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Анхны марафон /дурсамж/
Тэгээд л америк яваад ирсэн таньдаг хүн бүрээсээ л Нью-Йоркийн марафоныг сонирхов уу, гүйсэн үү хэмээн асуусаар л байдаг байлаа. Хэзээ нэгэн цагт Нью-Йоркийн марафонд гүйхсэн гэсэн мөрөөдөл минь одоо ч хэвээрээ.
Гэтэл Улаанбаатар марафон 2010 оны 06 дугаар сарын 05 нд өглөөний 8 цагаас болно гэдгийг тэмцээн болохын өмнөх шөнө нь сонсоод ёстой л хагартлаа баярлалаа. Ямар ч бэлтгэлгүй, ямар ч дугаар аваагүй байсан мөртлөө би заавал гүйх ёстой хэмээн өөртөө тушаалаа. Учир нь Нью-Йоркийн марафон надаас маш хол дэндүү хол байна шүү дээ...
маргааш өглөө нь гэрийнхнийхээ өглөөний цай хоолыг нь бэлдчихээд л Сүхбаатарын талбай руу очлоо. Зөндөө олон хүмүүс, тал хувь нь гадаадын өндөр өндөр хүмүүс. Хайсаар яваад зохион байгуулж буй охиноос хүний гүйхээр тавиулсан 095 гэсэн 42 км-ийн дугаарыг гараа эхлэхээс 5 минутын өмнө олж авлаа. Бөөн аз.
Яг гараанаас гарахын өмнө дээшээ хартал үй түмэн хараацай шувууд хөөрөн дүүлэлдэн нисэж байлаа. Яагаад ч юм бэ хараацай шувуу хайрыг, хаврыг бусдаас түрүүнд авчирдгийг дуулсан болохоор тэдний баяр хөөр миний зайгаа яаж туулнаа гэсэн итгэлгүй байдлыг минь шоолон хөгжилдөх мэт ээ.
1,5 км, 5 км, 21 км-ийн хүмүүсийн урсгал эсрэг замаар зөрсөөр л ...
Энд гүйж байгаа хүмүүс маш сайн бэлтгэлтэй нь харагдаж байлаа. Яг л гөрөөс шиг дүүлэн нисэх адил хурдална. Харин миний хувьд би зайгаа л туулна гэсэн бодол байснаас биш бусадтай уралдахыг хүссэнгүй, гагцхүү өөртэй байгаа итгэлгүй байдлаа, сул дорой байдлаа л давах ёстой хэмээн шогссоор л байлаа
Баянзүрхийн товчоо өнгөрөөд гүйж явтал нэг өндөр 80 нэлээн хол давсан гэмээр европ өвөө над руу гараа сарвалзууллаа. Би өөдөөс нь амандаа Hi гэж шивнээд гараа даллалаа. Тэгээд дороо зогсчихоор нь яасан юм бол гээд адилхан зогстол энгэртээ нэлээн хэдэн сүлбээр зүүтэй юм байж л дээ. Миний дугаар салхинд салбаганаад байгааг ажиглачихаж, тэгээд л өвөө надад 2 ширхэг зүлбээр зүү өгөөд, эрхий хуруугаа над руу гозойлгоод гүйгээд явчихав.
Би өөрөөсөө ичих шиг боллоо. Хүнийг хөгшин хүн гэж бодож байдаг. Гэтэл сэтгэл зүрхээрээ залуу байж чаддаг, спортыг амьдрала, аз жаргалаа болгож чаддаг энэ баяр жаргаланг мэдрэх шиг боллоо.
Уг нь овоо дээгүүр гүйж байсан боловч харин замын дундаас идэгдэж эхэллээ. Хүн бүхэн чадах чинээгээрээ яг л уурын галт тэрэг шиг зүтгэж байлаа. Харин би яг л аялж байгаа хүн шиг зөөлөн шогссоор л байлаа. Учир нь би өглөө гарахдаа буруу гутал сонгоод гарч. Гүйлтийн пүүзээ биш харин нимгэн ултай пүүсээ өмсөж гарсан өөрийгөө зэмлэн хамаг анхаарал хөлний уланд чиглэгдсээр л байлаа.
Холын зайн гүйлт гэдэг хүний өмнөө тавьсан зорилгийг сануулах мэт богино богинохон зорилгуудын нийлбэр урт удаан хугацааны зорилгийг биелүүлэхэд хичнээн дөхөмтэй болохыг нотлох мэтээ.
Нүдэн баримжаагаар зайгаа туулахыг өөртэй тушаагаад тэр газраа хүрсний дараа дараагийн цэгээ зорилгоо болгон тавиад л гүйгээд л байлаа. Маш олон хүмүүс миний эсрэг замаар бариа руугаа хурдлан гүйж өнгөрнө. Тэдний зарим нь намайг маш гайхан харна. Учир нь маш удаан шогшиж байгаа , бараг баян ходоодод явж байгаа мөртлөө юундаа ингэж их баярладаг байнаа гэсэн бодол тэдний нүдэнд харагдаж байлаа. Гэсэн хэдий ч зарим нь талархалын харцаар урам өгөөд зөрнө.
... замынхаа талд ороод эргээд хот руу гүйх тэр агшинд өөртэй итгэл муутай л байлаа. Учир нь ямар ч хүнгүй, бүр ямар ч машингүй энэ уртын урт замаар гүйхийг олон жил хүсэж мөрөөдөж байсан хэрнээ яг биелэх тэр агшинд ийм сул дорой байгаадаа өөрийгөө зэмлэж байлаа. Улиастай орчимд гүйж явахдаа эсрэг замаар машины хөдөлгөөн эхэлсэн байсан тул за за бараг тэмцээн дууссан байх би баян ходоод юм чинь гэж бодоод дугаараа нуугаад сүлбээрээр тогтоолоо.
Зөөлөн бороо шиврээд л 5 км тутамд тавьсан цэвэр усны нөөцөөс уусаар л гүйгээд л байлаа. Тэгтэл араас ашгүй нэг гадаад өндөр эгч намайг гүйцээд ирэв. Тэрээр намайг хашин гүйх юм. Би бага зэрэг гайхаж байсан ч тэр эгчийн нүд маш их баяр баясгалантай басхүү намайг хамгаалах мэт.
Гайхан ажиглавал энэ эгч зүүн гартаа шар өнгийн нусны алчуураа унжуулаад л машин зөрөх болгонд алчуураа улам хурдан савчуулна. Гэтэл энэ эгч үнэндээ хэдий ард үлдсэн ч надад Finish Finish Finish гэж хэлээд байв. Би энэ үед зориг орон дугаараа зүүх ёстойгоор нь зөв зүүгээд бид хоёр ар урдаа орсоор зүүн 4 зам дээр ирэхэд цагдаагийн машин хамгаалалтандаа авав. зам дагуу бороонд зогсох цагаан цувтай цагдаа нар эгнэн жагссан нь яг л эгнүүлсэн цагаан сарнай шиг бороонд гаялалзаж байв. Бидний л төлөө зам хаасан, бидний л төлөө бороонд норон норон зогсож байхад гэж бодоод чадах чинээгээрээ гүйсээр л байсан юм.
Ингээд л бид хоёр Finish Finish Finish гэсэн угээ давтан гар гараа тас атгалцан бариандаа хамтдаа оров.
Энэ үед тэмцээн аль хэдийн дууссан байсан ч марафон гэдэг бол ялахын төлөө биш харин зайгаа туулсан бүхэн ялагч байдгийг ухаарлаа...
Энэ удаагийн миний анхны марафон надад маш их зүйлийг өглөө. Би хүнийг насаар нь ялгадаг байж гэтэл нас гол биш харин хүний зүрх сэтгэл мөнхөд` залуугаараа байдгийг өвөө надад заалаа, өөрөө ядарсан ч өрөөлийг өөрөөрөө дэнчин тавин хайрласан эгч хэдийгээр өөрөө магадгүй намайг орхиод гүйгээд явчих байтал тэгсэнгүй харин намайг хамгаалан, алчуураараа машинуудад анхааруулан улмаар намайг барианд орох урам зориг итгэлийг өгсөн байж.
Улаанбаатар марафон таньдаа баярлалаа, бороотой, хараацайтай, өвөөтэй, эгчтэй, хайр итгэл дүүрэн гүйлт байлаа. Миний зайнд ердөө л долоохон эмэгтэй гүйсний нэг нь би байсныг дараа нь мэдээд, хүн хэцүү ч гэсэн өмнөө ямар нэгэн зорилго тавьсан цагт заавал биелдэг гэдгийг бага ч болов нотолсон болов уу гэж бодож байна даа.
Гэртээ иртэл гэрийнхэн маань бөөн асуулт тавин сууцгааж байлаа. Тэд ч бас намайг гүйснийг мэдээгүй ч гүйсэн байгаасаа зайгаа туулсан байгаасаа хэмээн хамтдаа хүлээж байсан юм...
Анхны марафанд гүйсэн сэтгэгдлээ, хөгтэй явдлаа та нартаа дуулгалаа. Учир нь та бүхэн бол миний анд нөхөд, миний итгэл болохоор л тэр. Хүн эрүүл саруул байж байж л өмнөө тавьсан зорилгоо биелүүлнэ шүү дээ. Тийм болохоор өөрийн сонирхдог спортын төрлөөр заавал хичээллээрэй. Таны эрч хүч, таны итгэл, таны өөрөөрөө дамжуулан бусдад хайраа илэрхийлэх арга чинь ч байж болох шүү дээ.
Алхалт гүйлт гэдэг нь амьдрал тэр чигээрээ, амьдралын уртын урт замыг өөртэй хандуулах нэгэн Бурханлаг арга гэлтэй. Танд амжилт хүсье.
Хэн ч таныг ойлгохгүй байж болно, харин та өөрөө өөрийгөө хэр хайрладаг вэ, та өөрийгөө хайрлан, өөртэй туслан, өөрөө өөрийгөө даван туулан тэр цагт орчлон хорвоогийн учир шалтгаан таны өмнө сөхрөх бүй за.
Та чадна гэсэн итгэл л байхад та өөрөө цор ганц гайхамшиг, таны өмнө амьдрал нэгэн шинэ сайхан замаа харамгүй нээх буй за...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Finish! .....amidrald Finish baihgui shuu dee duu mini. Neg Finsih nuguu Start-yin ehlel boldog. Finish - iin shugamyig davna gedeg gaihamshig, tiim bolohoor l humuus guih durtai baidag baih daa. Sain baina minii duu sain guisen baina. Ehelsen l bol Finish-d zaaval hureh heregtei gedgiig chi nadad ch bas oilguulj baina. Amjilt!
ReplyDelete