Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Чиний минь үнэр
Саяхан өрх тусгаарласан залуу хос аз жаргалдаа умбан байтал нөхөр нь эр цэргийн ёсоор аян дайнд явах болж. Эр хүн гэдэг бол эх оронтойгоо адилхан омог бардам хүчирхэг сүрлэг байх ёстой учраас заавал хашдаг алба нь байв.
Бүсгүй шөнөжингөө сууж
эр нөхөртэй малгай оёлоо. Сүрхий донж маяггүй жирийн л малгай болсон байлаа. Хүү баяр баясгалантайгаар аянд мордов. Учир нь эр хүн эх орондоо хэрэгтэй гэсэн мэдрэмж түүнд эрч хүч өгч байсан юм.
Тэр цагаас хойш олон жил өнгөрч.
Бүсгүй хөл хүндтэй үлдсэн байж л дээ, ханьтайгаа ижилгүй адилхан хүүгээ харах бүрийд самсаа нь шархирна.
Цаг мөч бүхэнд бүхий л оюун бодол, сэтгэл зүрхээрээ ханиа сайн яваасай, эрүүл энх байж эсэн мэнд эх нутагтаа ирээрэй хэмээн Лха таван тэнгэр, гэрэлт наран, гэгээн тэнгэр гээд л юм бүхнээс наминчлан гуйсаар л байлаа.
.... хүү аян дайнд тулалдаж яваад ухаангүй хоцрон үлджээ. Бүгд түүнийг амь үрэгдсэн гэж бодож байлаа. Харин түүний үнэнч хүлэг морь нь дэргэдээс нь алхам ч холдсонгүй. Нартайд сүүдэрлэн зогсоно, бороо шуургатайд халхавч болон нөмөрлөнө, зарим үед голд орж дэл сүүлээ норгон ирэд эзнээ нойтон биерээ шөргөөн биен дэх усаа сэгсрэн чадах чинээгээрээ дэм болох гэж оролдоно.
яг тэр агшинд бүсгүй авдраа уудлан эр нөхрийнхөө малгайд хийсэн өвсний үндэсийг гаргаж ирэн Бурханыхаа өмнө тавьлаа. Тэрээр зөн мэдрэмж нь зүгээр л нөхрөө дуудах ёстой гээд байгааг дагалаа.
Хорвоод хосгүй хослон ургадаг Вансэмбэрүү цэцэг бол тэнгэрийн цэцэг, энэхүү цэцгийг ээж нь түүнд айлын бэр болоод явах үед нь өгч байсан билээ. Нутгаа санах үед, тэнгэрээс тусламж хэрэгтэй үед хайртай хүндээ нэгийг нь нөгөөг нь өөртэй хадгалж байгаарай гэж нандигнан өгсөн учиртай байж.
бүсгүй эртний домогт итгэж байлаа, өөрийн хувь заяандаа итгэж байлаа, хорвоод хосгүй хослон ургадаг тэнгэрийн цэцэг түүнд хайртыг нь авчирна гэдэгт итгэж найдаж голоо тасартал хүлээнэ гэдгээ андгайлан тангараглан байв.
Шөнийн олон оддийн дор сэтгэлээ илгээн зогслоо, үдшийн бүрий, үүрийн гэгээтэй хамт олон хоног зогслоо.
... Аадар бороо орсон аянга шуургатай нэгэн өдөр хүү ухаан орлоо. Тэр бол ид шид байлаа. Тэнгэр хангай түүнийг ариусган, тэнгэрлэг хүлэг нь хань бараа болон зогсож байлаа. Хүү идэх юм хайн өврөө ухлаа. Түүнд юу ч байсангүй. Мориных нь хажууд түүний малгай унасан байлаа. тэрээр малгайгаа духан дээрээ тавилаа, дараа нь мэгшин уйллаа. учир нь түүний малгайнаас нутаг нь үнэртэж байлаа. дараа нь малгайгаа сэгсэртэл жаал хатсан өвс унахад нь амандаа хийж орхив. тэрээр өдөр бүр бага багаар малгайн доторхи өвснөөс идсээр байгаад илааршлаа.
Харахад царай муутай хэн ч тоохооргүй малгайд олон зүйл шингээсэн байж. Түүний гэргий эмийн ургамал, хүч чадал оруулах бүхий л зуйлийг багсран малгайд нь чихэн зарим газар нь бүр хавчуулж байгаад оёсон байж...
залуу хүү овоо тэнхэрсний дараа нутагтаа ирсэн юм гэдэг. Энэ домгийг би бага байхдаа сонсож байж билээ. Миний монгол арга ухаан монгол ёс гэдэг хичнээн агуу юм бэ, мөн хүний хань нөхөр эрхэм хүлэг морь үхэн үхтлээ эзнийхээ төлөө байж эзэнтэйгээ хамт мөнхөрдөг байсан ямар агуу юм бэ...
Өнөөдөр би энэхүү домгийг нэхэн санахдаа хайртай хүнийхээ үнэрийг мартчихгүй юмсан хэмээн бодож билээ. Чи минь бусдын л адил жирийн нэгэн, гэвч миний хувьд ёстой л хан тэнгэр минь шүү дээ. Чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг дээдийг ерөөе, би чамдаа хайртай ....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment