Зэрэгцээ ертөнцөд

1.Зэрэгцээ ертөнцөд

Би зэрэгцээ ертөнцөд байна. Хүүхдүүд компьютерийн орон зайгаар аялан бужигналдана, охид өөрт таалагдсан болгоноо хийх гэж мэрийцгээнэ, аав нар бильярдын эсвэл покерийн ширээний ард хоноостой, ээж нар гал тогоондоо түжигнээстэй, өвөө нар алсыг ширтэн гадаа нарлаастай, эмээ нар ач гучынхаа хойноос гүйгээстэй, дунд үеийнхэн баасан гаригийн шоунд бэлдээстэй, хөдөөнийхөн байгалийн сайханд ядруухан, харьд одсон залуусийн сэтгэлд эх орон нь уяатай, харин би зэрэгцээ ертөнцөд сэтгэл минь хоргодсон хэвээр л яг тогтсон цагтаа тогтсон газраа ирлээ.



Хязгааргүйн сэжүүрийг атгасан болохоор тавьж явуулж ч чадахгүй, бүр бууж өгч ч чадахгүй ингээд хоёр биш бүр маш олон зэрэгцээ ертөнцийн боол болжээ. Аль ч жимээр явсан тэр л нэгэн хатуу хаалга хэзээ ч үүдээ нээхгүй болохоор өөрийн замаа олтлоо энэ ертөнцөд хэдий болтол өнжих юм бол доо. Энэ зэрэгцээ ертөнцөөс холын хол чанадын чанд алсад одмоор байв ч ядаж ийм нэгэн тайтгаралыг олж авсан нь яамаа даа.

Үнэндээ амьдрал хэмээх энэ хатуу тоглоомд алдсан гээсэн олсон бүхнээ дэнслэвэл сайн сайхан зүйл их байгаа ч гагцхүү алсаас дуудах уянгалаг аялгуу чиний явсан замаар замнахыг юутай их хүсэн тэмүүлнэм бэ.

Хоосон орон зайн боол болчихгүй л юмсан, хий бодлоор бялуурчихгүй л юмсан, хэн нэгэнд амьдрал минь аз жаргал өгдөг байгаасаа, хүж дэлхийн цохилох анираас л одчихгүй юмсан.


2.Өдөр шөнийн дурлал

...Өдөр өдөртөө, шөнө шөнөдөө, үүрийн гэгээ үүрийн гэгээдээ дурладаг энэ хорвоод өдөр шөнөд дурлажээ. Учир нь өдөр хэзээ ч шөнийн нам гүмийг мэдэхгүй болохоор учир нь тэр хэзээ ч шөнийн олон оддын бүжгийг харж байгаагүй болохоор шөнийн тухай хүмүүсийн ярьсан намуухан үлгэрт согтоод шөнөд чин сэтгэлээ нээн нээн дурлажээ. Харамсалтай нь шөнө гэрэл гэгээг хүсдэггүй дэндүү бардам нэгэн тул өдрийг байнга дорд үзнэ.

Өдөр өөрийн болон өрөөлийн төлөө өдөржингөө гүйгээд эцэж ядраад амрах гэтэл шөнө бусдаас илүү гэрэлтэй чи бусармаг явдалтан хэмээн илүү үзэн өөнтөглөнө. Харанхуй шөнө хатуу гараараа хаа хүрсэн бүхнээ эвдэн сүйтгэсээр л. Өдөр тэсээд л байлаа. Учир нь тэр хувь заяндаа итгэсэн юм. Өдрүүдийн дундаас хэн ч хэзээ ч шөнөд дурлаж зүрхлээгүй л байлаа. Харин тэр дурлажээ. Тэр шөнийн нам гүмд дурласан юм, тэр шөнийн тэнгэрт түгсэн мянга мянган оддын чуулганд дурласан юм, тэр шөнийн дотоод мөн чанар болсон чимээгүйхэн өндөрлөг өөд дууддаг нууцад дурласан байлаа. Тэрээр өөрийн энэ сайхан мэдрэмжийг шөнөтэй нэгдсэн нэгдлээр л мэдэрч чадсандаа, өөрийгөө азтайд тооцдог байлаа.

Гэвч олон олон дэндүү олон шөнө нулимсан далайн дунд зогсохдоо оддын дундаас хэн нэгэн авч нисээд оосор бүчгүй орчлон руу аваад яваасай хэмээн хүсэн хүлээсээр л байлаа.

Үнэндээ өдөр шөнийг өөрийг нь хайрлана, сайхан сэтгэлийг ойлгож засарна гэдэгт итгэж байлаа, өдрийн шөнийг хайрласан хайр үнэн чин сэтгэлийнх болохоор ойлгож ухаарна гэж итгэж байлаа, тэрээр хэзээ нэгэн цагт өөрөө өөрийгөө гээн гээн өөрт нь дурласныг, өөрөө өөрийгөө задлан байж шөнө амрагтаа бүрэн нэгдсэнийг мэдэх байх гэж горьдож байлаа.

Харамсалтай нь энэ бүхэн талаар болжээ. Учир нь дэндүү харанхуй орчлонд шөнийн боол болон тас харанхүйн дундах нэгэн гэрэл шөнөд амиа өргөжээ.

Эвий дээ, өдөр минь дээ чи минь ядаж үүрийн гэгээд дурласансан бол чи минь ядаж үдшийн бүрийд дурласансан бол яах байсан юм бол доо. Олон олон зуун жилийн дараа чиний зоригийг орчлон ертөнц сайшаах болно, олон олон өдрүүд шөнөд дурлан шөнийн харанхуй бүдүүлгийг бага багаар мэрэх болно.

Гэрэл гэгээн хязгааргүй далайн бяцхан дусал гэгээхэн өдөр минь чамдаа сөгдөн мөргөмү.

3.Чадахгүй нь дээ

Улаан пансан хөшигний цаана улаан даашинз, улаан уруул, улаан гутал. Үсэн дээрээ улаан сарнай хатган улаан цүнх барьсан гоолиг бүсгүй. Тэрээр цэцэгт талдаа давхих согоо шиг омог бардам, цэлмэг тэнгэрт нисэх шувууд шиг сэргэлэн, инээднээс нь гэрэл цацарч ижий орчлонгийн дэгжин цэцэгс . Энэ бол түүний тэнгэрээс зурсан бүсгүй заяаны зурлага. Харамсалтай нь хөдсөн дээл, ноорхой гэр, сэмэрсэн сэтгэл, бүтэлгүй дурлал.

Чадахгүй нь ээ чадахгүй нь зурлага минь чам шиг байж хэзээ ч чадахгүй нь чадал минь одоо барагдлаа. Харин сэрүүн далайн зах хязгаарыг даван туулах тэнхээтэй үрийнхээ төлөө бүхнээ зориулсан нэгэн эх л байж чадна, өргөст амьдрал дотроос ургаж чаддаг сарнай байж чадна, өөринхөө төлөө биш өрөөлийн төлөө амьдарч чадна.

баяртай зурлага минь, баяртай өөр газар, өөр цагт чи бид уулзах биз...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам