Би нисэн дүүлнэм...

Би нисэн дүүлнэм. Би нисэн дүүлнэм. Хязгааргүй тэнгэрийн уудамд ч цэлэлзэх тэнгисийн дээгүүр ч би нисэн дүүлнэм.

Би салхи татуулан нисэх хичнээн дуртай гээч. Үгээр өгүүлшгүй энэ сайхан мэдрэмжийг нисэж үзсэн бүхэн л мэдэрдэг байх. Нэг нислээ, хоёр дохоо нислээ, гурав дах дөрөв дөхөө нислээ. Нисэх тусам улам туршлагажиж, нисэх бүртээ дээшээ бүр дээшээ өндрийн өндрийг би зорином.

Хэний ч хараа үл хүрэм өндөрлөгт гарсан хэдий ч алсын алс чанад руу тэмүүлэх миний тэмүүлэл хэзээ ч зогсошгүй ээ. Хязгаарт орчлонд хүлэгдэж гинжлэгдсэн хэдий ч хэмжээлшгүй жаргаланд умбагч нэгэн байхад, олдсон жаахан жаргалдаа ташууран өөрийгөө хүлэн дөнгөлсөн нэгэн ч бас байх ажгуу.



Элин халин нисэх үедээ юм бодох хичнээн сайхан байдаг гээч. Өчүүхэн миний амьдралын ээдрээт асуудлуудыг өндөр дээдээс харахад зөвхөн хар амиа бодсон ямар өрөвдмөөр дорой юм бэ дээ.

Тийм ээ, өөрийгөө даван туулахын тулд, тийм ээ хүчирхэг тэнхээтэй байхын тулд нислэг минь миний хүвьд юугаар ч сольшгүй үнэтэй билээ. Энэ л орон зай, энэ л цаг хугацаа, энэ л нислэгийн минь туршлага амьдралыг минь өөрчлөх юм гэж хэн мэдлээ дээ.

Aливааг хайрлан энэрэх уужим сэтгэлийг тэнгэрийн уудамтай би адилтганам.

... Тэр цагаас хойш цаг хугацаа урсан оджээ. Өдөр алгасалгүй шуурах хүйтэн салхи, өлмөн зэлмүүн гэр орон, бүлтийтэл ширтэх хэдэн дэгдээхий минь, өдөө зулгуулсан миний муу далавч.

Тагтан дээрээс хүмүүний амьдралыг ширтэн, тасарч унасан намрын навчистай цуг олон жил уйллаа даа. Үлээсэн амь нисэн одох адил өнгөт орчлонд юм бүхэн дэндүү дэндүү хурдтай хувьсан өөрчлөгдөх юм.

Тиймээ, би одоо нисэж чадахгүй ч үр төл минь нисэж байна, нисэн дүүлж байна. Хэдийгээр тэнгэрээс бүхнийг тольдон харж чадахгүй ч сэтгэлийнхээ тэнгэрт нисэн дүүлнэм, нисэн дүүлнэм.

Нисэн дүүлнэм, салхи татуулан нисэн дүүлнэм, цаснаар ч борооноор ч, өдөр ч шөнө ч нисэн дүүлнэм. Зах хязгааргүйд төсөөлөл үл гүйцэх дээдэд нисэн дүүлнэм. Одоо би өөрөө тэнгэр боллоо, одоо би өөрөө нислэг боллоо, одоо би өөрөө үүрийн гэгээ боллоо, одоо би өөрөө удшийн олон одод болон хувирлаа.

Үнэндээ хэн ч намайг танихгүй, бүр хаана байдгийг минь ч мэдэхгүй хэдий ч хамаг орчлонгийн учир шалтгааныг би дотроо мэдрэн мэдэрнэм. Далавчийг минь урж тасдсан өлөн муурын үйлийг би уучилж байна.

Далавчгүй хэдий ч өндөрлөг өөд нисэн тэмүүлсээр л байна. Уйлмаар хүнд хэцүү үеүд олон байсан хэдий ч, уудам саруул тэнгэртээ нисэж чадахгүй арчаагүй нэгэн болсон хэдий ч, хязгаарт энэ орчлонд хязгааргүй бүхэнтэй нэгдэх сургамжийг өгсөн энэ л амьдралдаа би таларханам.

Аливааг хайрлан энэрэх уужим сэтгэлийг би тэнгэрийн уудамтай адилтганам

Аливааг энэрч өршөөх нигүүлсэнгүй сэтгэлийг би гэрэл гэгээтэй адилтганам.

Би нисэн дүүлнэм, би нисэн дүүлнэм, Би өндрийн өндөр чанадын чанд өөд өгснөм...

3 comments:

  1. Элин халин нисэх үедээ юм бодох хичнээн сайхан байдаг гээч. Өчүүхэн миний амьдралын ээдрээт асуудлуудыг өндөр дээдээс харахад зөвхөн хар амиа бодсон ямар өрөвдмөөр дорой юм бэ дээ.

    ReplyDelete
  2. Та яасан гоё бичдэг юм бэ. Таны тухай дэлгэрэнгүй мэдье гэвэл яахуу

    ReplyDelete
  3. bayarlalaa taalagdsan bol sain bna aa. bi ene oron zaid chadah chineegeeree bichij baih bolnoo

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам