Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Би өдөр бүр зураг зурдаг.
Харин өнөөдөр би энэ тухайгаа танд дэлгэж байна даа. Яагаад вэ гэвэл надад та бүхний дэмжлэг үнэхээр их хэрэгтэй байна. Бид бүхэн зарим зүйлийг худал гэцгээдэг, гэсэн хэдий ч заримдаа энэ ч уг нь үнэний хувьтай л даа даанч хэнд хамаатай юм хэмээн итгэхийг ч хүсдэггүй, цагаа алдсан дэмий санаа хэмээн боддог.
Тийм ээ, би та хэн билээ дээ, агуу Монгол дээд төрөлтөн бол та гэдгээ мэдэх үү, биднийг бага байхад өвгөд хөгшид маань хийж, ярьж, сургаж байгаа бүхнээрээ бидэнд тэр монгол төрөлтөний агуу боломж бололцоо болон түүнтэй хэрхэн байнгын учиг холбоотой байх эрдмийг өвлүүлсээр ирж шүү дээ. Харин одоо бид өөр түвшинд, өөр цаг хугацаанд ирээд байх шиг байна. Иймийн учир тантай өнөө маргаашийн талаар хүүрнэж байгаа минь энэ.
Намайг зөрүүд Галдан гэвэл манай нутгийнхан бүгд андахгүй дээ. Би айлын ганц хүү. Монголчууд уг нь ганц гэдэг тоог хэлэхийг цээрлэдэг. Учир нь нэг хоёр гэж тоо тоолол тоологдохоос биш хэзээ ч ганц хоёр гэж тоололддоггүй. Гэхдээ өнөөдөр миний хувьд энэ тоог хэлэхээр шийдсэн юм. Яагаад вэ гэвэл монгол маань яг одоо ганц болох гээд байгаа учраас л харанга дэлдэн энэ тоог хэлж зүрхэллээ дээ өршөөнө буй за.
Манайх хэдэн үеэрээ нутагтаа харуул занги хийж ирсэн удамтай айл байгаа юм. Даанч надад залгамж халааг минь авах хүү заяасангүй ээ. Эмгэн бид хоёр насны төгсгөлд шахуу нэг охинтой болсон юм. Хүний нас гэдэг цаг хугацааны дайралтанд дандаа сөхөрдөг, хүчгүй юм болохоор хорвоогийн жамаар биднээс хагацлаа. Одоо миний цаг ирж байгаа учир энэ амьтаны төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой учраас л би хот бараадан энэ орон зайд зэрэгцэн оршиж байна даа.
Нутагтаа байхад морин дэлэн дээрээс тал нутгийнхаа цэцгэн шүүдэр дэлбээлүүлэн, нисэн дүүлэх мэт хурдалдаг байлаа. Одоо ч шөнө бүр л нутгийнхаа тал хөндийд жаахан хүүхэд шиг хургачихаад сэтгэл гэдэг нөхөр эргэж ирэхгүй янзтай болж байх шиг.
Нутгаасаа ирээд хотод нэг нутгийн хүүгийн хаяа бараадан хашаанд нь гэр дугуйлан охин бид хоёр төвхнөсөнсөн. Тэгээд л охиноо нэг их сургуулийн хаяа бараадуулан би гэдэг хөгшин хонины насгүй хүнд ямар ажил олдох биш, тэгээд ч хүний хэрэгцээ шаардлага дандаа л ямар нэгэн зүйлийг зогсоо зайгүй шаарддаг болохоор, өөрөө өөртэй ажил олгон энэ их хотыг цэвэрлэн тохинуулах яамны нэлээн чухал ажилтан хэмээн өөрийгөө дөвийлгөн бодох болсон юм. Нутагтаа унасан мод түүж ахуйдаа хэрэглэнгээ, ойгоо цэвэрлэдэг, харин хотод хүмүүсийн хэлдгээр хог түүн тушаан амьдарч байна даа.
Миний өглөө хаанаас эхэлдэг вэ гэвэл миний өглөө их жанжин Сүхбаатарын талбайнаас эхэлдэг юм. Тэндээс Их эзэн Чингисийнхээ хөшөөний өмнө очоод зогсоход өр зүрхнийх нь, сэтгэлийн шивнээг нь сонсох шиг болдог юм. Ямар гэрийнхээ гадаа байгаа бүрлээчдийн талбай руу харж өглөөг эхлүүлж, тэнгэрийн зургаа эхлэлтэй нь биш, эх орныхоо зүрхтэй хамгийн ойр байх боломж байгаа дээр нь гэж бодоод л энэ хэдэн жилүүдэд нэг ч өдөр алгасалгүй эндээс өглөөгөө угтан байна даа өвөө нь.
Манай нутагт ч энэ их хотод ч гэсэн ялгаагүй нэг л биш байна, монгол минь бид ер нь хаашаа л нүүгээд байна даа. Дэлхийн хамгийн уудам нутагтай баян гэх, хүн амын тал нь нэгхэн газар бөөгнөрсөн гэх, хөдөө тал нь эзэнгүй гэх, хангай шиг хөвгүүд нь харийн нутагт гэх, согоо шиг охид нь тэгэхээр хэнийгээ хайрлах болж байна даа.
Миний хотод ирсэн шалтгаан бол охиныхоо л төлөө юм шүү дээ. Нэг талаар хотод сургууль соёлд оруулаад хүний дайтай явж байгааг харах гэсэн нөгөө талаар хэрэв би нутагтаа байгаад байх юм бол миний монголоо гэсэн сэтгэл бодол хүсэл мөрөөдөл энэ бүхэнд маань гарц хэрэгтэй байсан болоод л тэр.
Нутагт маань юм юм л болж байна, өнөөдөр байсан уул хайрхан, гол мөрөн маргааш гэхэд ор мөргүй алга болж байна. Өдөр бүхэн яг дайн болж байгаа юм шиг их чимээ нүргээн, тэсэлгээ, жингийн зогсоо зайгүй цуваа, харийн хүмүүсээс яс горьдох ноход шиг аяглах хүн ард, энэ их буруу үйл хөдөлгөөн дунд миний амьсгал бахардан, самсаа минь шархиран эсэргүүцэн тэмцсээр байгаад л эцэг эхийнхээ адисласан нэрний өмнө зөрүүд хэмээх тодотголтой болсон хүн.
Зээр гөрөөс давхисан, агь таана хөмүүл найгадаг тал маань одоо салхинд туугдсан бөөн тоос, сүр бараа муутайхан амь гол төдий урсах булаг шанд нь эхнээсээ амиа барьж байна даа. Ийм ч байгаагүйсэн, ийм л болох юм нэг л өдөр. Энэ бүхэн үнэндээ юу л болоод байна даа. Хот ч гэсэн бөөн бужигнаан, сандралдаан, чихцэлдсэн байшин барилга, машин.
Хөгжиж байна л гэнэ, гэхдээ л хаашаа хэнийг явуулаад, хаанаас хэнийг авчраад байна вэ, хаа сайгүй л харь хэлтнүүд машин барин хөлхөлдөнө, мантуу барин гүйлдэнэ. Араас нь усан нүдлэх хүүхдүүд, охидууд нүд унагаастай.
Ийм ч юм харж мэдрэх гэж, одоо яая гэх вэ бид чинь одоохондоо буянаа барчихаагүй л байна, энэ зэрэгтэй байгаа дээр нь зөв гольдрол руу зөв чиг зам руу нь замнуулчихвал болох нь тэр.
Эрүүл ухаантай, зөв хандлагатай байх юм бол хувь заяаны нар миний монголыг мөнхөд гийгүүлнэ гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг учраас л энэ насаа үл хэрэгсэн өдөр бүр би Тэнгэр Бурхандаа хандан их хотоо нар зөв тойрон гороолон, их хотыг цэвэрлэн тохинуулах яамны нэлээн чухал ажилтан би ажлаа хийсээр л явна.
Миний ажлын орой Гандангийн энэ хэсэгхэн зайнд өндөрлөнө. Би тэгээд өдрийн болсон үйл явдлаа дүгнэн цэгнэн, бодлоо хүслээ Өндөр Жанрайсэгдээ шивнэнэ. Намуухан маанийн шивнээ минь магад чин хүслийг минь уламжилж байгаа гэж итгэдэг, сүсэглэдэг учраас л тайвшрал, ухаарлыг агаар адил эндээс би залгилдаг юм.
Зун бол нар нэлээн орой жаргадаг болохоор нэлээн удаан сууна эндээ, тэгээд л бодлын зангилаагаа тэнгэртээ илгээн хариу горилон энэ замбуулинд тоос хөдөлгөн яваа минь заавал учир шалтгаан байх л ёстой хэмээн чадал хүч суун байдаг юм. Өвгөн надтай зэрэгцээд хаяа нэг хэвлүүхэн бор хүү суух. Бид хоёр хаяа төгсгөлгүй урт яриа өрнүүлдэг юм.
Хүү надад монголынхоо түүхийг судлахаар зориг шулуудсан тухайгаа ярин хөгшин залуу бид хоёрын ярианы сэдэв барагдана гэж үгүй, яг л сэтгэлийн андууд шиг болж билээ. Харин одоо дүн өвөл, нөгөө хүү маань бодвол хичээл сургуульдаа явж байгаа байхдаа.
Тэнгэрийн хаяа улаан байх чинь эртхэн гэр рүүгээ дөхье байз, хүйтрэх нь дээ. Та одоо миний талаар овоо мэддэг боллоо шүү дээ. Би, бид дор бүхнээ хувь хувийнхаа аж амьдралын төлөө дор бүрээ яг л шоргоолж шиг хөдөлмөрлөсөөр л байна, ингэх нь ч зүй ёсных байх. Гэхдээ л нэг л биш байгаа юм, юм юм шүү, энэ хүмүүсийн үзэл бодол, энэ улсыг чиглүүлж төрийн бодлого их л хэцүүхэн байх юм. Төрийн төлөө оготно боож үхнэ боль гэж би олон л хүний амнаас сонссон хэдий ч тэр ч оготно, би ч огонтно шүү дээ адилхан л төрөлтөнүүд.
Бүгд л ээж аавын хайртай хүүхдүүд, эх орноо гэж зүрх сэтгэл нь цохилж л байгаа байх. Харин цаг хугацааны эргүүлгэнд автаад хэн явснаа, юу хийх байснаа огт мартаад энэ хорвоог тэр чигээр нь ая тав тух хэмээн бодоод машин дотроосоо халуун дөрвөлжин дотроосоо орчлонг сэтгээд бодоод удирдаад байгаа болохоор яаж ч холыг харах вэ дээ, хүн гэдэг амьтан угаасаа их залхуу аль амар хялбар замыг сонгоод өөрөө өөрийгөө үнэ мөнгөнд худалдсан байдагтай эвлэрдэггүй юм байлгүй, би бах биш би монгол хэмээн цээжээ дэлдэнэ гээч, даарч үзсэн хүн л даарах, өлсөхийн зовлон жаргалыг мэднэ, хайрлаж тэмцэж байсан хүн л хайрлахын учир жанцанг гүндээ ухаарна байх.
Өвгөн миний бодлоор бол бүхнийг шийдэхэд нэг их цаг хугацаа мэдлэг орохгүй гэж мунхагладаг юм. Яагаад гээч хэдэн хүнтэй билээ, хэдэн өрхтэй билээ, хэд нь хөдөлмөр хийх насных билээ гээд бодохоор их хураангуйлсан хэдхэн тоо л гарна байх, тэгээд л энэ том талбайг тэнгэрээс монголынх хэмээн өмчлөн авч болсон юм чинь ёстой арга зам, нөхцөл шалтгаан, үйл явдлуудыг нь уялдуулаад л нэг өөрийн гэсэн үндсэн чиг хандлагатай болоод, тэр чиг хандлагын нэгээхэн хэсэг нь эх орноо эзэнтэй байлгах гээд тэр том хөтөлбөр энэ тэрдээ тусгаад төрөөс элдэв дэмжлэгээ үзүүлээд хүнтэй хүн ёсоор нь харьцдаг нийгмийн тогтолцоог бий болгочихвол энэ олон замбараагүй хаачихаа мэдэхгүй асуудлууд эмхэрмээр санагдах юм.
Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг яагаад ор тас мартдаг хүүхдүүд вэ дээ,
за гэр маань ч дөхөж байна, за нэг нүүрс аваад гэртээ орьё. Хн, цагаан торноос ч бага савалгаатай болсон шуудай нүүрс хэмээх том тодотголтой илч дулаан, итгэл найдвараа аваад харья даа
замд нэгэн овоо дориун хүү шал согтуу зөрж өнгөрлөө, яахаараа архинд хамаг эрх мэдлээ өгчихдөг болоов дээ, арга ч үгүй юм даа, хэрвээ эр хүн бүхнийг эр цэргийн албанд монгол хүн монгол эр болж төрснийх нь төлөө явуулдаг байсан сан бол халуун чулуу долоож, хацар гараа хайруулж, эх орноо хамгаалж байсан хүн чинь тэмцэх ёстой гэдгийг тэргүүндээ, зүрхэндээ гүн шингээсэн байх учиртайсан. Гэтэл цэрэгт явж үзээгүй байж эцэг эхийн өврөөс эхнэрийн өвөрт шилжээд тэднийгээ дээрэлхэж эр бор зангаа гаргадаг ийм халширамтгай эр хүнээр энэ монгол минь дүүрээд байгаа учраас л хөгжихгүй байна, ноён нуруу нь алдагдаад байгаа юм шүү дээ.
Эр цэрэг байхын, би эх орны хүү хэмээх омогшил монгол эр хүн болж заяасных нь бахархал байсан цагт айл бүрийн хойморт эх оронч аав, эх орны хүү байхад миний монгол өдийд ийм ч байхгүйсэн хэмээн бодох юм.
/үргэлжлэл бий/
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment