алсын алсад мөнхөд зорчму хамдтаа.

хязгааргүй уудам тэнгэрийн орон зайгаар аялал аялахдаа бид
хамдтаа буусан тавилантайгаа юунд дандаа тэрсэлдэг юм бол
хэмжээлшгүй хайрын сарнайн бутыг мөнхөд арчлах мөртлөө
хэн хүнийг юунд хүсэмжлэн бэдэрдэг юм бол

орчлонгийн бодгаль бүгд оногдсон замаараа мөлхөх эс бөгөөс нисэх ахуйд
одот тэнгэрийн уудамд шунан дурласан бид тэчьяадан адгах нь гачлантай
оосор бүчгүй замбуулингийн олноос онцгой нэгэн гэдгээ мэдсээр атал
олзонд дурлах адгуус адил сандран тэвдэх нь юуных вэ



харууслын мянган цэцэгс шүхэрлэн буусаар л байх юм гэж үү
хамаж аваад түүний үрийг бид арчлан ургуулахуйяа
хамгаас онцгой диваажингийн төгөл болон цэцэглэн
ханатлаа тэндээс бид баяр жаргалангийн эхийг нээе юү

амьсгал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
аяа хүмүүн бид ухаарлын тарнийг хүлхэж баймаараа
ариуслын дээд нандин мөрөөдлөөрөө жигүүрлэн жигүүрлэн
алсын алсад мөнхөд зорчму хамдтаа.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам