Таны минь хайр

Өглөө бүхэн гал тогооныхоо өрөөний цонхоор би гадагш харан зогсох дуртай л даа. Шинэ өглөөний гэрэл гэгээг, салхивчаар орж ирэх сэрүүн агаарыг, шулганан шаагилдах шувуудын чимээг чагнан байхуйд тэнгэрийн хязгааргүй уудам нь тэвэрч аван уусгах шиг цаанаа л нэг тааламжтай.
Миний гэж зүсэлсэн хэдэн шувууд маань чимээ шуугиантайхан будаагаа идэж дуусгаад зүг бүр тийш нисэн одлоо. Саяхан л байсан бөөн хөгжил хөөр, шулганаан шуугиан хаачив гэлтэй нам гүмхэн боллоо. Уг нь өвөл хоол нь хомс юмдаа гэж эд нартаа будаа, талхны үрдэс өгдөг байлаа, харин одоо заавал идэж байж л санаа нь амардаг болоод байгаа. Санаа дагаад ч тэр үү гадаа салхилаад явж байхад , энэ миний шувуу байна гэсэн дотно мэдрэмж төрдөг. Энэ бяцхан амьтаддаа их дасаж дээ.

Тэртээ дээр өндрийн өндөрт элэн халин нисэх нэгэн байхад, зарим нь нүдний өмнүүр айлгүйтэн дүүлнэ, харин зарим нь нэмээд будаа өгчих вий гэсэн янзтай холоос горилон сууна. Хн, миний өглөө нэг иймэрхүү л эхэлдэг юм даа. 
Харин өнөөдөр 
сэтгэл гэгэлзээд, дотор талд маань юу нь мэдэгдэхгүй ямар нэгэн зүйл тороод байх юм. Амар амгалан, баяр баяслыг өргөө гэртээ хурайлан хурайлан сэтгэлдээ шивнэн байлаа...

Манай цонхон дээр тав байна уу зургаан жил болсон хар ногоон судалтай навчтай цэцэг байдаг юм. Би түүнийгээ услангаа, ганц хоёр муудсан навчыг нь аван сууриар нь хөдөлгөн нарны гэрэл тийш байрлалыг нь өөрчилсөн юм. Гэтэл царай муутайхан тэр цэцэг маань саваа цоолон хажуу талаасаа шинэ үндэс, нахиа гарган ургасан байлаа.

Тиймээ та минь дэргэд минь үгүй ч тэмцсээр л байгаа юм байна хэмээн би амандаа шивнэлээ. Хязгааргүй их баяр баясгалан, хайр энэрлийг энэ агшинд би мэдрэн нулимсаа барьж дийлэхгүй жаал уйлж суулаа. Гадаа дүнсгэр байсан ч сэтгэл минь цэлмэн баяр хөөрөөр бялхан байлаа. Яагаад вэ гэвэл дэргэд минь үгүй аав минь та өглөө бүхэн үртэйгээ хамт өглөөг угтан, үдшийг үдэн энэ амьдралд тэмцсээр л байсан юм байж.
Та минь дөрвөн хуруу хэрийн өндөртэй ганцхан навч авчирч өгөхдөө хорт хавдарт сайн гэнээ, аав нь бүр хайгаад олохгүй байлаа, тэгээд бүр хүнд захиж байж гадаадаас авчирсанаас нь тасдаад аваад ирлээ гээд л үлгэр шиг олон юм ярихад тухайн үедээ огт анзаараагүй юмдаг.

Тэгээд л буланд олон жил байсаар л байсан, таныг биднээс явсны дараа бүр ч тоохоо болисон байлаа. Харин одоо харахад метр хэрийн өндөртэй савандаа багтахаа байтлаа сагсайтал ургасан, тэр битгий хэл бүр саваа цоолон цоолон амьдралын төлөө тэмцэж байсныг нь энэ мөчийг хүртэл энэ хэдэн жилүүдэд би огт анзаараагүй байсан байх юм даа. Амьдралаа гэж…

Ааваа, би энэ өглөөд талархаж байна, таны минь амьдралын төлөө гэсэн чин сэтгэл, үрээ гэсэн хайр үргэлжилсээр байгааг мэдрэх хичнээн сайхан юм бэ, Өглөө бүхэн дэргэд минь та минь байсан юм байна шүү дээ гэсэн бодол, таныгаа санасан сэтгэл, таны минь тэмцэлийн хүч яг амьдаараа үргэлжилсээр байгааг мэдрэх хичнээн их аз жаргал юм бэ ааваа, баярлалаа. Тэгээд би юунаас болоод сэтгэл тороод байсан учраа ойлголоо. Тэр бол таныгаа би санаад байсан юм байна, тэгээд танытайгаа хүүрнэх гэхээр чадахгүй байгаагаасаа болоод гунигладаг байсан юм байж.

Ааваа, хүүхдүүд нь сайн, сайхан амьдарч байна аа, амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай сайхан амьдарч байна, хүүхдүүд минь таныг байнга ярьдаг миний халзанөвөөгийн чихрийг авч өгөөч гэж гэдэг, тэгээд л таныг тэнгэрийн шувуу болсон гэж хэлсэн болохоор тэд маань шувууддаа хайртай байдаг, таныг хязгааргүй их аз жаргалаар жигүүрлэн жигүүрлэн нисэж байгаа гэж итгэж байгаа.

Тийм ээ, ааваа одоо үр нь хэн хэнээс илүү аз жаргалтай байна, таны минь хайрын цэцэг томоо мод болон ургах болноо. Амлаж байна, аль хэдийн бэлэн байсан том сав руугаа би баяр хөөртэй явж байна, тэгээд цэцгээ шилжүүлэн суулгаад хамгийн сайхан газарт залан байнга арчилж байх болно. Таны минь хайр хичнээн агуу болохыг ухаараагүй явсан үрээ уучил, Бид үнэ цэнэтэй бүхнээ байгаа дээр нь хайрлаж энэрч байх хэрэгтэйг, амьдрал хичнээн сайхан болохыг харуулсан миний тэмцлийн цэцэг минь дээ, би хэзээ хэзээнээс илүү аз жаргалтай байна. Яагаад вэ гэвэл амьдрал үргэлжилсээр, инээд хөөр, баяр баясгалан ундарсаар л байна, та минь баясан байна, баярлалаа аав минь, миний жаахан аав минь дээ, хайртай бүхнийг минь өгсөнд талархая

2 comments:

  1. Chinii bichleguudees ene chin l yostoi saihan bolson baina daa. ur chadvar. medremj, engiin, chuluutei baidlaaraa tun davgui bolson bna shuu. Bi shuumjlegch bish ch gesen ih zuil unshij hardag hunii huvid ingej l bodoj bailaa. Neg amisgalaar l unshij duusgalaa. unshigchiih hutlusoor yavaad duusagj chadaj baigaa ni mash olzuurhuushtai bailaa.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам