Чамайгаа би хэзээ хэзээнээс илүү санаж байна.


Чамайгаа би хэзээ хэзээнээс илүү санаж байна. Чи минь хаана байгаа, хэн хэнтэйгээ байгааг ч үл мэднэм. Зүгээр л би чамдаа чин сэтгэлээсээ дурласансан. Үнэндээ яагаад би чамдаа ингэж их шунан дурласнаа ойлгож чадахгүй нь дээ.  


Амьдрал хэмээх хайрын дөнгөтэй би, алсаас чамайгаа хайх эрлийн үзүүртэй, ээ дээ би мөн азтай хүн ээ дээ. Тиймээ, яг л одоо би чамдаа эрхэлмээр байна, энгэрт чинь асаад зүггүйтмээр байна. Баланд дурлах зөгий мэт, бялууран чамдаа уусахыг ямар их хүснэм бэ. Хүсэл мөрөөдөл минь холын холд одоод хөөрхий намайг юунд ганцаардуулнам бэ. Хүний хүнд дурлан зүрхээ шархлуулан шархлуулан хүйтэн занг чинь юунд ингэтлээ их тэснэм бэ.  

Хатуу чанга мөсөн уул хаварт дурлаад уусан замхрах адил чиний л өмнө би замхрах манан болоод цэх өөдөө уусан одном. Амраг минь би чамайгаа зам зуураас хайгаад олохгүй ээ, заяа тавилан минь биднийг учруулсан , хагацуулсан нь үнэн юм бол заавал биднийг золгуулах буй за. Дээдийн дээдэд дүнхийх асралт дээд тэнгэртээ дэргэд минь үгүй чамайгаа би даатгалаа. Харж байх хань минь болсон хан тэнгэр минь яг одоо л яруу тунгалаг эгшгээ эгшиглүүл, янаг дурлалт түүнийг минь над руу илгээгээч.

Яг одоо би чамайгаа хэзээ хэзээнээс илүү санаж байна.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам