Цасан аялгуу

Аяа цас минь чамайг хайлан одоход хэн нэг нь үгүйлэв үү?
Аяа бороон дуслууд минь та нарыг бөмбөрөн буухад хэн нэг нь хайв уу?
Халуун зунаар ч, хайруу өвлөөр ч ирсээр л ирсээр л байдаг чиний энэ ариухан хайранд хүмүүн бид талархан таларханам.
Аялгуу, бөмбөрийн дэлдэх чимээ энэ орчлонгийн тоглолт.

Алгуурхнаар хөвөн хөвсөөр будран буух цасны аялгуу өр зүрхэнд минь эгшиглэнэм. Цас, бороо өр зүрхэнд минь ээлжлэн орсоор л.
. . . Цав цагаахан цасан дундаас үнэндээ хүмүүн бид юуг эрнэ вэ?
Жихүүн өвлийн хүйтэн жаварт хацраа хайруулан хайруулан чамайгаа би хэр удаан хүлээхсэн бол. Задгай галын илч дулаан, зад аван тас тас хийн ноцох моддын чарлаан, уур савсуулан илчээ түгээнэ.
Эвий даарсан амьдрал минь гэсэн дулаацахдаа илчээр тань ижийнхээ халуун хайрыг үгүйлэн санах нь юуных вэ. Таны минь халуун дулаан хайр тэврэн авч энхрийлнэ.
Хацрыг минь даган нулимс урсана. Харин өр зүрхэнд минь бороо асгаран орж, зүрх минь шимшрэн уйлна.
Одоо л, яг одоо л би хэн нэгнийг юутай их үгүйлнэ вэ?
гадаа цонхны цаана цас бударсаар л . . .

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам