Чамдаа би өөрийгөө зориулахуй (1)

Шургааган хашааны завсраар би өдөр бүр гадагшаа харах дуртай. Яагаад ч юм бэ олон хүний хөлийн тоос, шуугиан, нанчилдаан, бас шуранхайлах ардын дууны ая, морин төвөргөөн, тас тас хөхрөх бүсгүйчүүлийн инээд гээд л сонин хачин үзэж сонсоогүй миний мэдэх ертөнцөөс тэс өөр, содон дүр төрх.

Нэг удаа би хашааны завсраар харах гэж байгаад уян зөөлөн, тийм нэгэн тунгалаг харцтэй мөргөлдлөө. Хачин юм аа би энэ хашааны цаана байгаа үл таних гадаад ертөнцийг шохоорхон харж байхад, тэр хүн юунд бидний энэ жаахан хашааг сонирхсон юм бол.

…Тэр шөнө миний нойр хүрсэнгүй. Эрвээхэй шиг дэрвэлзсэн урт сормуустай, ботго шиг гэнэн тунгалаг хархан нүд намайг хараад л, надад ямар нэгэн зүйлийг хэлээд ч байх шиг. Ингээд өдөр бүр бид хоёрын нүд хоёр талаас уулзана. Тэр тунгалаг нүдийг харах хичнээн сайхан болохыг үгээр өгүүлэшгүй. Юу ч үл ярилцана, зүгээр л хараад л баймаар тийм сайхан урсгал дөлгөөн харц. 

Нэг удаа би хашаа руу гүйж явахдаа савтай үнсний нурамыг өшиглөн тэр хавийн өвс ногоог бүгдийг нь хуйхалснаас хойш хашаа рүү зүглэх хориотой боллоо. Шанд нь номоо улам олон цагаар унших авшиг хүртлээ. Манай дуганы зарим нэгэн том ах нар айлуудаар явж ном уншина. Тэгээд ирэхдээ өвөр дүүрэн ааруул, ээзгий, ганц нэг еэвэн, домбон ёотон авчирхаараа бөөн баяр хөөр болон балчир бидэндээ хишгээ хүртээнэ. Уншлага сайтай ах нар шигээ мэдлэгтэй болчихвол энэ хашаанаас гараад л гэсэн энэ бодлоос үүдэн би хичээлдээ тун шаламгай зүтгэн мэрийсээр байлаа.

… Тэр цагаас хойш нэг л мэдэхэд би ах нар шигээ айлуудаар явж ном уншин, дүү нартаа хишгээ түгээдэг том ах болсон байлаа. Дэлдээ эмээгийнхээр орж номоо уншчихаад буцах замдаа гол гаталсан болоод тэр үү, хөл усанд сэрүүцээд ч тэр үү, голын хажуугийн өвсөн дээр дээшээ хараад хэвтэж байгаад унтаж орхижээ. Гэтэл зүүдэн дунд уянгалаг хоолойгоор хэн нэгэн бүйвээлээд ч байх шиг би арай ядан нүдээ нээгээд хаанаас ийм дуу гараад байгааг чагнан жаал хэвтлээ. Гэтэл ааа ааа ээжээ туслаарай гэх эмэгтэй хүний дуу хадлаа. Тэр зүг рүү гүйн очвол янзага шиг хургасан бяцхан бүсгүй, нэг зүйл рүү хуруугаараа заан хий л амаа ангалзуулан дуугарч ч чадахгүй чичрэн зогсох аж. Би анх удаа эмэгтэй хүнийг тэгээд ийм хөнгөн нимгэн хувцастайгаар нь харж байгаа болоод ч тэр үү би бас өөрцгүй алмайрсан байлаа. Тэгэхэд бүсгүй чи надад туслаач энэ могойноос би айгаад байна гэж аярхан шивнэхэд би сая л ухаан орж мэддэг шившлэгээ амандаа гүвтнэхэд урт хайрхан маань миний хажуугаар элсэн зам татуулан ус руу гулсан орлоо. 

Бүсгүй сая л ухаан орж байгаа янзтай хацар нь үл мэдэг ягааран, над руу ширтэх тэр үед бид хоёрын харц мөргөлдлөө. Тэр харц бол миний байнга сэтгэлдээ үгүйлж байсан, миний л мэдэх тэр дөлгөөхөн, энхрийхэн харц байлаа.
Бид хоёр бие рүүгээ их удаан ширтэлцлээ. Тэгээд тэр нүд, тэр эрвээхэй мэт наалинхай, энхрий дотно харцыг ямар их үгүйлж байснаа бодоод би жаргалдаа мансууран ийм сайхан амьтан байж дээ чи минь гэж дотроо сүүрс алдан баярын нулимстай нүдээр мишээлээ. 

Бүсгүй хүүхэд шиг гэнэн харцаа сэм сэмхэн тэрлэг дээрээ унаган яаж шүү хувцасаа авахаа мэдэхгүй гэм хийсэн хүн шиг сандран ухасхийхэд би бас тэрлэгийг нь аван яаран нөмрүүлэн тэврэн авлаа.

Харц харцаараа, бид өөд өөдөөсөө дүрлийтэл ширтэлцэнэ. Аниргүй биднийг нөмрөн, амьсгалаа ч авч хүрэлцэхгүй тийм чанга би түүнийг тэвэрсэн байлаа. Нэг л содон үнэр, сонин мэдрэмж, үелзэл дотор бие сэтгэл минь нисэн дүүлэн байлаа. Гараа ч тавьмааргүй, ингээд л тэврээд байгаад баймаар тийм сайхан сэтгэл ханамжийг би энэ бяцхан амьтнаас мэдрэн, нойтон шанхных нь үсийг хойш нь илэн хоёр хацрыг нь алгандаа наан сайн харж авлаа. 

Янзага шиг чичрэн мэгдсэн түүнийг би дахин чанга тэврэн салхины аясаар шуугих бургасны чимээ, ангирын дуу, адуу янцгааж, тугал мөөрөх энэ бүгдээс тод түг түг цохилох өр зүрхийг ийм ойроос чагнаж байгаадаа баярлаж байлаа. 

Тэгээд зүрхий цохилт нь намуухан болоход аажмаар биеэсээ холдуулан яасан зүгээр үү гэхэд толгойгоо дохиод бас л хацар нь туярсан байлаа.

тэгээд бүсгүй:
- баярлалаа, уг нь би энэ хавьд урт хайрхан байдгийг мэднэ л дээ, тэгсэн яг тулаад ирэхээр их аймаар байдаг юм байна. Би чамайг нэг л харсан юм шиг санагдаад байх юм гээд л дуржигнуулж гарлаа.

Тийм ээ, аргагүй чи бид хоёр бүүр эртний танилууд байж, чиний багын халтар хамар, эрвээхэй алаг нүдийг би яаж ч мартах вэ дээ гэж дотроо бодоод хн гээд ичингүйрэн толгойгоо иллээ.

За би гэр лүүгээ явъя даа, та байгаагүй бол би яах байсан юм болоо, баярлалаа гэхэд аан, би таныг дөхүүлээд өгөх үү, би угаасаа тэр зүгт явна гэхэд бүсгүй уг нь лам нар ийшээ хаяа л хөл тавьдаг юмсан гэж бодох үед би Дэлдээ эмээгийнд энийг өгөх ёстой байсан юм, гэхэд аан тийм байлгүй дээ гэж санаа нь амарлаа.

Тэгээд тэр хоёр Дэлдээ эмээ нутаг усандаа гайхагдсан аагтай сайхан цай чанадаг, орсон гарсанд мэнд устай байдаг, хаяа нутагтаа байхгүй томоохон дуулианы эзэн нь хүртэл болсон байдаг гээд л ам нийлэн хөөрөлдсөөр бүсгүйн хашаанд тулж ирсэн байлаа.

Ийнхүү тэр хоёр орчлонгийн эрээн бараан, одоо ирээдүйн зүй тогтлын талаар , саахалт айлын амьдрал, салхины чимээ, шувууд, цэцэгс, нар сар, цас гээд л ярих сэдэв ундарсааар л ... сахилгагүй банди нарын шоолох энэ бүгдэд үл тээртэн найзлан нөхөрлөсөөр л байлаа. 

Дэндүү даруухан бас энэрэл хайр дүүрэн бидний энэ үнэнч нөхөрлөл үүрд ингээд л байгаасай гэж би ямар их хүснэм бэ.
Нэгэн удаа лам багш маань намайг Дэлдээ эмээдээ энийг аваачаад өг, хэрхэхийг өөрөө мэдэж байгаа гэлээ. Тэр баадантай зүйлийг би дааж ядан аваачиж өглөө. 

Дэлдээ эмээ томоо баадантай зүйлийг задлангуутаа хөсөр унан, жаргалтай бас эмэгнэсэн нүдээр бүхнийг маш яаравчлан гүйлгэн шалгаж харснаа ашгүй дээ ашгүй тийм байлгүй дээ, баярлалаа баярлаа гээд л шивнээд байлаа.
Тэгээд тэнгэр өөд харан гурвантаа мөргөснөө за миний хүү наашаа суу гээд

Манай монголчууд дотоодын үймээн самуун, гадаадын халдлага энэ бүхнээс төрөө цэвэр ариун чигээр нь хадгалж, үеэс үеэд дамжуулахын тулд энгийн хэрнээ, хэнч тоохгүй энэ нэгэн урлалд шингээсэн байдаг гэж өвөг дээдсээсээ сонсож байсан юм. Одоо бидний цаг иржээ. Эмээ нь хүүдээ өөрийнхөө тухай ярьж байл уу гээд

...Би арван хоёрхон настай байхдаа нэгэн санаандгүй тохиолдлоор нэгэн их хүний асрамж халамжинд очсонсон. Манайх их баян айл байлаа. Би айлын ганц охин нь. Манайх малаа ч тоолж хүрэлцэхгүй тийм их ажил ундарсан айл байсан юмдаг. Аав ээж хоёр маань хүү хүлээж байсан ч тэнгэр тэдэнд минь намайг өгч л дээ. Тэгээд аав маань өв хөрөнгө, үе залгамж энэ бүхнээс илүү миний монгол мөнхөд эрүүл саруул, зөв зүйтэй, сайн сайхан ирээдүй өөд чиглэсэн тийм цэвэр ариун байх ёстой гэсэн үзэлтэй хүн байсан даа. 

Намайг ухаан орох тэр л цагаас манай халуун ам бүлд багтдаг бүх айлууд дуу хуураар дүүрэн, нэгнийхээ зовлон жаргал бүхнийг хамтдаа мэдэрдэг тийм л нэгэн томоос том айл ч юм шиг эсвэл аз жаргалтай нэг багахан улс гүрэн шиг л санагдаж хорвоо тэр чигээрээ ийм л байдаг гэж би боддог байлаа.

Харин аав маань энэ их аз жаргалын дэргэд баймааргүй тийм их гүн шаналалд автан тэнгэрийн хаяа руу хараа билчээн уртаар санаа алдаж байхыг би олонтаа хардагсан. Тухайн үедээ аав маань тэр их зовлонг яаж дааж байсныг нь, бидэндээ ямар их хайр энэрлээ өгч байсныг нь бодохоор монгол эр хүний холч ухааныг бишрэх болсон юм даа.

Зуны халуун өдөр, зугаатай нартай бороо ээлжилсэн жирийн л нэг өдөр миний амьдралыг алга хөрвүүлэх адил орвонгоор нь өөрчлөх юм гэж би тэрхэн үед санаа ч үгүй байсан юм. Тэр өдөр манайд маш сонин хүн ирсэн. Гандаж гудсан хувцас гэхээр юмгүй, хэрзийсэн ястай, махир мод бадарласан 50 эргэм насны эр, тамирдаж бахардсан түүнийг салхи хүртэл дээрэлхэх шиг гэвч түүнийг нүдэнд хэзээ ч харж байгаагүй тийм их итгэл жигүүрлэн галтай цогтой байхыг хараад энэ хүн жирийн хүн биш ээ гээд л бодоод өнгөрсөн сөн. 

Энэ үл таних хүний талаар зөвхөн бид гурваас өөр хүн мэдээгүй юм даг. Тэр үед манайх нутаг орноороо жилдээ нэг аялан байгаль, ан амьтанд өглөг буянаа түгээн гурвуулхнаа явдаг заншилтай байсан сан. Гэвч энэ бол анхнаасаа амлалтаа биелүүлэх гэж хүлээсэн андын амлалт байсныг би олон жилийн дараа мэдэж билээ.

Аз жаргалдаа умбан байсан миний амьдрал, хувь заяа яс арьс болсон энэ хүний хуурай охин гэж тэнгэрт тэтгэгдсэн тэр мөчөөс хойш эгэл биш тэр л хүнтэй хамт холын холд одсонсон. 

Эмээ та тэгээд яаж энд ирсэн бэ, тэр хүн хаачсан бэ, та дахиж ээж аавтайгаа уулзсан уу гээд л намайг олон асуултаар булахад

Хн, үрчгэр эмгэний амьдрал тийм сонин байна уу, гээд аргагүй дээ эмээгийнх нь амьдрал тэр чигээрээ адал явдлаар дүүрэн, түүх өгүүлж байдаг болохоор одоо дэлгэх цаг нь болсон гэж үзээд эмээ нь ярьж байгаа юм шүү дээ гээд баадантайгаа нандигнан боож элэгдэж хүүчирсан тэгсэн мөртлөө ер бусын тансаг үнэртэй авдрандаа сэтгэл бардам далд хийв …
Би буцах замдаа гаднаа бол жирийн л нэг бойтоглосон хэн ч тоохооргүй буурай, тэгээд яахаараа тийм их түүх агуулаад байгаа юм бол, манай сүм яагаад бусад сүм дацангаас ийм алс зайдуу байдаг юм бол, яагаад ийм их дэг жаягтай байдаг юм бол гээд надад мэдэхгүй зүйл их олон гарч, би ер нь хэн юм бол би ээж аавыгаа ч танихгүй ухаан орохын л ном унших гээд л аалз элсэн дээгүүр гүйгээд мөрөө үлдээсэн шиг сонин бичгийг сурах гэж их мэрийсэн дээ. 
Одоо ч яахав хэдэн уншлагатай. Гэхдээ бас том ах нарын тэр эрдмийн хичээлд хэзээ намайг явуулах юм бол ах нарын зарим нь хар болно зарим нь хаа нэгтээ сүмд шавилсан л гэж ярилцдаг юм байна лээ гээд урьд хойчид байгаагүй ихээр ухаан бодолдоо түмэн зүйлийг бодож байтал би хэдий нь гэртээ ирсэн байлаа.

Тос дааварласан бэрээсээ бор аягандаа хийгээд л амтархан идэх найзуудаа хараад золтой л чанга инээсэнгүй хий л будаандаа хахаж цацан нулимсаа арчиж суулаа. Тэгэхэд миний бага байхын бусдаасаа илүү дотночлон хайрладаг дүү маань ахаа та зүгээр үү энийг уу гээд бор цайгаа надад өгч би амь гарав.
Нээрээ цай гэснээс манай хийдийн цай их сайхан үнэртэй, амттай, сэтгэл сэргээд л явчихдаг юм. 
Багш бид нарыг жилийн дөрвөн улиралд яг тогтсон тогтмол үе үдэд уул хад, таг өндөрлөг, голын хөндийгөөр дагуулж явахдаа цэцэг жимс, ургамал амьтдын талаар маш сонирхолтой олон түүхийг хүүрнэдэг сэн. Бидний энэ ууж байгаа цайны ханданд 44 төрлийн жимс, жимсгэнэ, мод, модны навч, бүр шороо хүртэл ордог гээд боддоо. Бид хандаа цуглуулах гэж хашаанаасаа гарах тэр мөчийг тэсэн ядан одоо ч гэсэн хүлээдэг. Учир нь тэр хэдэн хоногуудад бид эх орон, байгаль дэлхийнхээ талаар, хүн зоны талаар, Бурхан хүн хоёрын хүйн холбоо, хүний мөн чанар, сэтгэл зүрх, хайр нигүүлсэл, золиосол өгүүлсэн олон түүх шашдирыг өдөр ч , шөнө ч булгийн дэргэд, задгай галын дэргэд сонсон суух нь жаргал байдаг болоод л тэр. 
Будаалга дууссаны дараа бүгд аягаа баадагнан далд хийгээд гарцгаав. Би зориуд удаан идэхийн тулд будаагаа ширхэг ширхэгээр нь амандаа уусган идээд бараг дуусан байлаа. Тэр үед багш бид хоёроос өөр хүн дуганд үлдээгүй ялаа ч ниссэн сонсогдохоор тийм нам гүм байлаа. Бид нарыг хоолоо идэх гэж бөөн инээд хөөр, дуу шуугиан болоход дууг маань намсгаж дэг журам байнга л сахиулдаг багш маань өнөөдөр бидний шуугианаас алслан одож унтаж байгаа ч юм шиг нам гүмхэн аниргүйхэн завилан суусаар байлаа.
Би түмэн зүйлийг асуухыг хүсэн авч нам гүмхэн тэр сүрд дарагдан дэргэд нь жаахан ойртон хамт бясалган суулаа.
Хэдий хэрийн хугацаа өнгөрснийг бүү мэд, халуун дулаан таатай мэдрэмж, хайр энэрэл, зөөлөн элбэрэлийг би багшаасаа харамгүй хүртэн байх ахуйд багш маань над руу харлаа.
Багшаа би таниас зөндөө юм асуумаар байх юм, гэхэд аль хэдийний мэдэж байгаа хүн шиг тэг тэг гэж толгой дохилоо. Тэгэхэд нь би
- багшаа би хэзээ жинхэнээсээ том болох вэ, би хэзээ том ах нар шигээ аянд явах вэ, намайг энд хэн авчирсан юм бэ миний жинхэнэ нэр алдар эцэг эх хамаатан садныг хэлж өгөөч, би юу хийх гэж яах гэж төрсөнөө ч мэдэхгүй байна гэж гуйхад багш маань намайг дагаад яв даа гээд өндийлөө.

Би гэм хийсэн хүн шиг юун ч их олон юм асуучихав даа гэж өөрийгөө буруутган багшийхнаа араас даган гэлдэрлээ. Тэгээд багш бясалгалын сүмд намайг авчран ийшээ орж бясалга гээд намайг оруулаад хаалга зөөлөн хаагаад явлаа.
Сүмийн дотор аниргүй ноёлно. Энд маш сайхан ур хийцтэй бурхадын баримал, ганган ганган хийцтэй үнэт эдлэлүүд, зузаанаас зузаан хэзээ ч харж байгаагүй торгон баринтагтаа сударнууд гээд л их баян тансаг өрөө байлаа. Алхаж үзлээ хааш хаашаа 8-10 алхам, тэгээд л хана, харин дээшээ бол баримжаагаар 4-6 алд болох байх. За багш намайг бясалга гэсэн, зөндөө олон асуултын хариуд юу ч хэлсэнгүй ш дээ, ер нь юу болоод өнгөрөв өө, гэвч үнэндээ энэ бүхэн хоромхон зуур л болоод өнгөрсөн байлаа.

Би жаал суулаа, сайн төвлөрч ч чадсангүй, бид бүгдээрээ хамтдаа тарниа давтана, эс бол судруудаа уншина, хаяа дасгал маягаар агаарт, тэнгэрт, цэцгэн дээр , баяр баясгалан дээр гээд л залбирч бясалгаж үзсэн л дээ. Харин ийм өрөөнд түгжигдээд, тэгээд ганцаархнаа байгаа нь надад таалагдсангүй. 

Тэгээд орж ирсэн хаалга руугаа очлоо гэтэл хаалга байсангүй зүг бүрт хайлаа, хаашаа ч харсан бин битүү, гэр шиг дугуй л болохоос биш нэг тийм хөмөрсөн тогоо шиг юманд би байж байлаа.
Гэрэл орж ирэх завсар зай ч үгүй хэрнээ, хаанаас гэрэл гэгээ гараад байгааг ойлгосонгүй. Түүнийг бодох ч ухаан хүрсэнгүй. Юу болоод байгаагаа мэдэхийн тулд ганц чаддаг зүйлээ хийлээ, 

тэр бол залбирал маань байлаа.
Ум, ум , ум тарнийг түмэндээ давтан, ум ум ум тарнид түмэнтээ сүсэглэв ээ. 

Эх болсон хамаг амьтны тусын тулд энэ биеээ би огоорон эрхэт төрөө дээдлэн биширнэм би.

Эрхэмлэн нандигнадаг бүхэн минь эх орон таниас минь, энд байгаа чулуунаас, цэцэгнээс, аргалаас, шүүдрийн дуслаас эхтэй, дээд тэнгэр та хамаг оршин буйг ч бас эс оршин буйг ч аврал нигүүлсэлдээ багтааж хайрла, дэлгэр сайхан нутаг ус минь та энэ яваа насны минь дээдийн дээд нь билээ…

Тийм ээ би, аав ээж гэж хэлд ороогүй ч аав таныгаа тэнгэр эцэгтэйгээ, ээж таныгаа байгаль дэлхийгээрээ төлөөлүүлэн ойлгодог байсан учраас хайраар дутаагүй харин ч улам ээнэгшсэнсэн. 

Минийх гэгдэх юм энэ хорвоод үгүй ч шиг, таных гэгдэх юм харин хаа сайгүй л байнам. Иймийн учир та сүрлэг би дорой байна уу, үгүй ээ үгүй тийм байх ёсгүй. Юм бүхэн учиртай, юм бүхэн цаг хугацаатай, жилд сар, сард өдрүүд, өдөрт цаг, цагт хором мөч байдгийг адил нэгээс хоёр, хоёроос гурав, гурваас дөрөв гэх мэтээр тоон дунд, тоолол дунд би, бид даяраа оршин байнам.

Өдөр шөнө, үнэн худал, нар, сар, навч цэцэг, дэргэд байгаа хайрга, дээр ноёлох одод, хажууд байгаа анд нөхөд, хараад л байгаа энэ олон бурхад нээрээ юм бүхэн учиртай, юм бүхэнтэй би хамт байж, юм бүхний дотор өөрийгөө харах шиг, сэтгэлдээ салхи татуулан хараа үл гүйцэх тэнгис далайд умбан, тэртээ алсад зорчин тэнгэрт ч газарт ч тэр нэгний дотор ч би оршин байлаа.

Би алгуурхан босоод аанай л над руу хараад байгаа бурханыг очиж иллээ. Хайр энхрийлэл дүүрэн, хачин сонин мэдрэмж, дүрлэгэр алаг нүд нь миний өмнө бүхнээ нээн талимаарх шиг. 
Тийм ээ, мартаж чаддаггүй нандин харцаа би энэ гуулин бурхнаас мэдэрч байгаадаа гайхан балмагдав.

Тэгээд цаахан талд нь байгаа баринтагтай судрыг авах үед гарыг маань өгсөн эрч хүч, эрдэм билэг урсан буйг мэдрээд тухлан суун уншиж эхлэв ээ…

… цаг хугацаа урсан өнгөрсөөр л шашдир түүх, судар номоо уншсаар л, уусан нэгдсээр л …“32 модон хүний үлгэр”, “Талын Монголын тэнгэрлэг өв”, “Их Монголын түүхийн хураангуй” , “Бадарчин бадарласан нь” , “Тэнгэр тэтгэсэний нууцын хураангүй” гээд л урьд ам дамжин сонсож байсан бүхэн маань амилан одоо өвөр дээр минь байна. Үг үсэг бүр нь үнэтэй, үнэн түүх оршоосон сэтгэлд бадамлах зулаа хөгжөөн сэнхрэн би уншсаар л…

Эх түүхээ одоо би мэддэг боллоо, эрх чөлөө гэдэг нь хүмүүний сэтгэлийн гүнд оршном бус уу. Тэргүүндээ адисласан судруудаа би сэмхэн байранд нь заллаа. Асуултын хариуг өөрөөсөө асуу гэж захиж хэлдэг багшийнхаа хэлсний үнэн учрыг ухан ойлгоод инээмсэглэл дүүрэн дээшээ харлаа.

Дээр эрхэс одод анивчина, дэргэд олон нар бадамлана, сүүн зам татуулан үүл хөлөглөн гэрэл гэгээ гэрэл гэгээтэйгээ уусан томорч байнам.

Газраас тасран үүлээр хүрээлүүлэн баяр баясгалан, амар амгалан, эрх чөлөө, цэцгийн үнэр сэтгэлийн баясал амтлан би дээш хөөрсөөр…

Завилгаатай , залагдсан, тэнгэрлэг, гэгээлэг хүн-бурхад дээш дээш гүний гүнд уусан одном…

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам