Мантра

“Ум аа хум базар гүрү бадма сиди хум” бол Ловон Бадамжунай багшийн зүрхэн тарни.
Уг тарнийн утгыг тайлбарлавал:

УМ АА ХУМ нь гурван очирын тарни гэгддэг. Ум нь хамаг бурхдын лагшин буюу биеийн очир. Аа нь хамаг бурхдын зарлиг буюу хэлний очир. Хум нь хамаг бурхдын таалал буюу сэтгэлийн очирыг бэлгэддэг. Түүнчлэн Ум нь амьсгал авах анир, Аа нь амьсгал шингээх анир, Хум нь амьсгал гаргах анирыг агуулдаг. Амьсгал бүрээ ийнхүү мэдэрч бясалгавал түүний цаана орших амьдралын аугаа их эрчим бурханлаг чанарыг ононо гэж үздэг.

БАЗАР нь очир гэсэн үг бөгөөд эвдэршгүй мөнх, халиршгүй бат гэсэн утгыг илтгэдэг. Тэгш хэмт очир эрдэнэ нь хоосон чанар – гэгээн гэрлийг бэлгэддэг. Бүх юмс хоосон чанарын агаараас төрж, хоосон чанарын агаарт оршиж, хоосон чанарын агаарт уусдаг. Зүйрлэвэл, тэнгэр огторгуйд байгаль ертөнц бүхэлдээ хамаарах мэт. Байгалийн тоо томшгүй үзэгдэл хэлбэр үүсч замхрах боловч тэнгэр өөрөө үүсэл, устлаас ангид мөнхөд орших. Түүнчлэн үнэмлэхүй гэгээн гэрлийн огторгуйг танисан бодгаль түүн лүгээ нэгдэж, хязгааргүйг эрхшээх нь очирын хутаг юм.

ГҮРҮ бол гэгээрлийн замч багш гэсэн үг. Их хөлгөний ёсонд гүрү багш нь бурхан, бурханы хутаг олох ном, номын мөрөөр одсон хутагт гурван эрдэнийн хураангуй болдог. Мөн нууц тарнийн ёсонд ид шидийг соёрхогч ядам бурхан, бясалгалын замд хань болдог ханд дагинас, барцад саадаас хамгаалдаг номын сахиус хэмээх гурван дээд хүчний нэгдмэл цогц болдог.

БАДМА нь бадамлянхуа цэцэг юм. Балчиг шавраас ургах атлаа үл хиртэх лянхуа цэцэг нь эгэл орчлонгийн амьдрал дундаас цэцэглэх атлаа шунал, хорсол, мунхгийн хирийг үл халдаах гэгээрлийг бэлгэддэг. Бурхан бүгд бадамлянхуан дээр залардгийн учир энэ.

СИДИ нь ид шид гэсэн үг, Хум нь адистид хурайлсан тарни. Хүний оюун санаа хязгааргүй бөгөөд нөөц боломж нь шавхагдашгүй гэж Бурханы номд өгүүлдэг. Хамаг амьтныг нигүүлсэх бодь сэтгэл, үнэнийг таних билгүүн ухаанаар жигүүрлэн гэгээрлийн ертөнцөд халиваас ид шидийн гайхамшиг улам улмаар нээгдэх ажээ.

Энэхүү тарнийн тус эрдэм, утга учрын талаар Ханд Ишцожил хэмээх бүсгүй шавийнхаа асуултанд Ловон Бадамжунай багш ....ийн хариулсан байдаг:

“Энэ тарни эргэх дөрвөн цаг, амьдрах гурван мөчлөг аль ч үед өмөг түшиг чинь болно. Бодь сэтгэлийг өвөрлөж, ариун тангаргийг хичээж, чин зүрхний бишрэлээр урин дуудах аваас зүүдэн, сэрүүн алинд ч Бадамжунай би өөрийн биеэр заларч адислах болно. Харш муу бүхнээс хөө хуяг мэт хамгаалж, гундах үед чинь цог жавхлан нэмж, гуних үед чинь баяр баясгалан хайрлаж, харанхуй дунд гэгээн гэрлийг ургуулна. Хэдий чинээ гүн бясалгаж, чин сүжиглэнэ төдий чинээ тарнийн хүчийг мэдэрнэ. Дээд хүч нь энэ төрөлдөө солонгон биеийг эрхшээнэ. Дунд зэрэг нь үхэх агшинд эх, үр гэрлийн учралаар мөнхийн хутгийг олно. Адаглаад, зуурдын төрөлд одовч намайг танин учирч, дагшин оронд төрөх болно.

Базар гүрү хэмээх энэ тарни бол ганц миний зүрхэн тарни биш, дөрвөн тантар, есөн хөлгөний зүрхэн тарни. Наян дөрвөн мянган номын хураангуй. Гурван цагийн багш, ядам, бурхад, баатар дагинас, номын сахиусны зүрхэн тарни юм...” гэжээ.

Монголын их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Данзанравжаа очирт хөлгөн нууц тарнийн их бясалгагч байсан бөгөөд оюун санааны багш нь Ловон Бадамжунай байжээ. Амин зүрхний чандмань эцэгтээ зориулсан дууллаас нь өлзийт энэ өдөр мянган галвын тоосыг нэгэн агшинд гөвөхийн ерөөл болгон толилуулъя.

Ум аа хум базар гүрү бадма сиди хум.

Баруун зүгийн огторгуйгаас
Бадам гэсрийн хүйснээс
Бадамжунай багш минь
Бадрангуй гэрлээр мишээмүй.

Эртний үйлсийн ерөөлөөр
Элэг зүрх минь долгисно.
Энэрсэн ачийг тань санаад
Эрхгүй сэтгэл тэмүүлнэ.

Төрөл цаг тутамдаа
Түгээмлийн эзэн таныхаа
Төгс гайхамшигт үйлсийг
Түгээн дэлгэрүүлэхийг хүснэм.   

Өдөн дэвэлгээт шувуунд
Өндөр юуны даваа вэ.
Өөрийгөө шинжсэн хүнд
Орчлон юуны хол вэ.

Сайн, муу хэлэх нь
Хүний зоргоор байвч
Жаргал, зовлон хоёр нь
Өөрийн сэтгэлээс үүснэ.

Үнэнээр явж гэмээ нь
Үйлийн үр мэдэм зээ.
Хилэнц үгүй явбал
Хэн муулаад чадах вэ.

Тас шувууны дэвэлгийг
Тахиа яаж гүйцэх вэ.
Тангараг ариун дээдсийг
Тэмцэж хэн дийлэх вэ...

Аврал эрсэн амьтны
Аврал өмөг нь болоод
Агшин ч марталгүй таныгаа
Ашид зүрхэндээ саная.

Үхэх, төрөх юу боловч
Үржин богд минь болгоо.
Улигт сансраас гэтлээд
Удиянад учран жаргая.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам