Би Хүн-Шувуу

Салхи сэвэлзсэн намрын эхэн сарын шинийн 15 нд газар дэлхийг холбосон галт урсгал дайран өнгөрлөө. Гэрэлт урсгалын гэгээн очис гэрэлтэн буусаар газарт шингэлээ.

. . . царцаа шаагин өвс наагина, шаазгай шагширч тарвага хошгирно, өвсний үзүүр налсхийн урин тонголзохуйд өмнө минь ятга шаазгай судалт жирх ихэрлэн эргэлдэнэ.

Нам гүм орчлонгийн шуугиан ээлжлэн солигдоно, өр зүрхний минь лугшаанд гэрэлт дуулал дуурьсана. Аялгуу алс алс тийш цацран түгэхүйд агуу том далавч аажмаар тэнийн дэлгэгдлээ. Үлээх салхиар хүч аван өөрөө ч мэдэлгүй гэгээн гэрлийн зүг өнөө би нисэн дүүлнэм.

. . . шаргалтан алаглах сайхан хөндий, мушгиран шуугих голын урсгал, мянга мянган уулс даваа, нүүгэлтэн налайх миний эх дэлхий. 

Аялгуу дуурссан зүг рүү аян зам минь дурайлаа. 

Аяа аа, асгарах нулимс,талархалын тарни асар дээдэд цэцгэн гэрлүүд болон хөөрлөө. Түмэн өнгөөр гялтганан гэрэлтэх, алтран цацрах талархалын гэрэлт цэцэгс нь түг түмэн ододтой ижилсэн ижилслээ.

Орчлонгийн гайхамшигт урсгал одоо энд од болон бөөгнөрлөө. Сүлэлдэн гэрэлтэх өнгөт очис, сүүн далай эхийн сэтгэл замбуулинг уяраан амь амьсгалаа өргөхүйд, анхны амьсгалаа авлаа. 

Зол жаргал дэлгэрэн гийлээ. Хязгаар нь үгүй огторгуйд нэгэн од мэндэллээ. 
Хамаг бүхний итгэл найдвар болон хорвоод нэгэн од мэндэллээ.

 Тэврэн авч бүйвээлмээр тийм нэгэн яруухан аялгуу орчлонгийн уудамд дуугаа хадаалаа.

 Одот орчлонд нэгэн Бурхан мэндэллээ. 
Сайхан аялгуу түгэн түгэхүйд соронз адил хамаг Бурхад цуглалаа. 
Өөр өөрийн эрдэм авьяасаа өнөө бяцхан бурханд бэлэглэлээ. 
Хүмүүний ухаан үл гүйцэх хурдаар хөгжилтэй Бурхан өсөн эрийн цээнд хүрлээ.

Эс ширхэг бүрээс нь алтран цацрах гэрэл гялтганана. 

Аяа аа юутай үзэсгэлэнтэй, хараа булаам Бурханы аврал вэ?

Өчүүхэн би элсний ширхэгээс ч өчүүхэн ч өнийн явдлыг харан харан бахдлаа.

Яасан сайхан хайр вэ?
Ямар агуу гайхамшиг вэ?

2018-08-26 , хуурай мухар ам

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам