Ерөөл

Сайн байна уу? Бурхан минь. Би таньд захиа бичихээр шийдлээ. Бүх л өдөржингөө үр хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө байлаа. Харин өнөөдөр 12 сарын 25 -ны өдөр гараад 19 хэн секунд болж байна. Би хэдий том болсон ч, би хэдий эмээ болсон ч би ээж аавдаа үр нь , эх дэлхий таныхаа балчирхан охин нь шүү дээ. Тиймээ, хүн насан туршдаа л аз жаргалыг хайдаг. 

Охин нь орой бүхэн залбирч байгаа. Учир нь жирийн л өдөр хоногууд урсан өнгөрч байгаа ч миний хувьд ид шидийн мэт тийм л сайхан санагддаг болоод байгаа. Надад юм бүхэн байна. Гол нь би амьсгалж байна. Бас өөрийн зүрхний гүнээ нуугдах тэр аниргүйхэн инээмсэглэлийг хайсаар л байна.

Миний мэдэх Бүх Бурхад нэг л янзаар инээдэг болохыг олж харлаа. Тэд яг ээж шиг минь чин сэтгэлээсээ үрээ хайрлах мэт инээмсэглэнэ. Тэд яг л аав шиг минь холын холд байх зорилгод минь урамшуулан хүч тэнхээ, итгэл хайрлах ажээ. Би чамайг байгаа байдаг гэдэгт итгэж байна. Учир нь чамайг би мэдэрсэн. Хүн бүхэн энэ хорвоод хичнээн их үнэ цэнэтэй болохыг ойлгуулж өгсөнд тань баярлалаа.
 хорвоо ертөнцөд гайхамшигийг бүтээж бий болгож, цааш нь өвлүүлдэг тийм л агуу хүмүүс аж. Өнөөдөр хэдийгээр техник технологи хөгжиж байгаа ч бидний хайртай хүмүүсээ хайрлах, тэдэндээ бүхнээ зориулах тэмүүлэл, тэднийгээ өр зүрхэндээ нандигнан дээдэлж муу бүхнээс хамгаалан хайцаалах сэтгэлийн хүч яг л илч дулаан, гэрэл гэгээ адил бяцхан эх дэлхийд минь итгэл, цэнэг хүч өгдөг ч байж болох юм. Итгэж байна, та ч гэсэн итгээрэй. Бидний бусдын төлөө, хэн нэгний сайн сайхны төлөө бодол бүхэн минь энэ хорвоог улам цэцэглүүлж, уяхан элгэмсэг, хүч тэнхээтэй болгосоор л байна.

Бид энэ замбуулинд аз жаргалтай амьдрах хувьтай. Бид өөрсдөө аз жаргалын ундарга нь шүү дээ. Та боддоо. Таны үрийн инээмсэглэл, таны хайртай хүний энхрийлэл, таны ээж, аав, анд нөхдийн таны төлөө гэсэн сайхан сэтгэл хичнээн сайхан билээ дээ. Та тэр бүхнийг захиалсан уу. Та тэр мэдрэмжийг яг одоо дотроо мэдэр дээ. Хайртай, голын хайртай нэгнээ дотроо төсөөл дөө. Сайхан байна. Хэдийгээр цаг хугацаа улиран одож өнгөрсөн ч хэн ч, юу ч тэр сайхан бүхнийг минь эргүүлэн өгөхгүй ч яг саяхан гэтэл тэр бүхнийг мэдэрлээ. Энэ нь бид бол энэ орчлонгийн хайрын ундарга учраас л тэр. Тиймээ, итгэ найд. Өөрөө хайрын ундарга, сайн сайхныг бусдад ерөөгч ундарга болж чадсанаар Та энэ хорвоогийн хамгийн баян, хамгийн сайхан, хангалуун нэгэн боллоо.

Өнөөдөр хэдийгээр аав минь нуруугаа хугалаад хэвтэж байгаа ч эвий минь аавдаа итгэж байна. Аав минь үр хүүхдүүд бидэндээ, бас бүх хүмүүст зөвхөн сайныг ерөөдөг учраас аавд минь Бурхан хайраө зориулах болно, итгэж байна. Өнөөдөр ээжийн минь үүдэн хэдэн шүд нь бүгд унаад засгийн шүдээр сольсон ч ээж минь үр хүүхдүүд минь хоолтой байна уу, ажил төрөл нь бүтээсэй хэмээн нар, сар ододдоо залбираад л сүүгээ өргөөд л, зулаа өргөн залбирсаар л сууна. Тиймээ яг л эмээ, өвөө нар шиг минь. Би ч гэсэн одоо тэдэнтэйгээ ижилсэж эхэлсэн.
Ингээд бодохоор хүн төрөлхтөн бид нэгэн зүйлийг бие биедээ өвлүүлдэг, агуу уудам цаг хугацааны аялагчид юм байна шүү дээ

Бид бие биендээ хайр, энэрэл нигүүлсэлээ хэдий их зориулна тэр хэрээр бид улам хол аялж, өөрийгөө өөрчилж, өвчнөө эмчилж, бусдад итгэл найдвар, хүч тэнхээ өгсөөр байж чадах нь. Зүгээр л бусдад сайныг ерөөснөөр бид чөлөөлөгдөж, бид ухаажиж, орчлонг өөр нүдээр харж хүлээж авч сурах байх гэж найднам.
Бид бол Бурханы үзэсгэлэнт хүүхдүүд. Тэр Бурхад бол бидний эмээ, өвөө, аав, ээжийн дүрээр ирсэн. Тэгээд бидэнд аниргүйхэн хичээл заасаар л байдаг аж. Тиймээ, бүх Бурхад нэг л янзаар инээдэг. Тэр нь бусдад энэрэл нигүүлсэл, хайраа зориулах аж.
Яг одоо хэвлийдээ бүрэлдэж буй үрд, шинээр мэндэлж буй үрд нь сайхан амьдрал, хувь тавилан ерөөе. 

Яг одоо амраглаж буй хосууд бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, хорвоод хосгүй нандин мэдрэмж нь аз жаргалын эхлэл байж, баяр жаргалангаар бялхаж байх болтугай.
Яг одоо даарч байгаа, бас өлсөж байгаа нэгэнд дулаан хувцас, Хоол, хүнс, илч дулаан, хайр халамж, нарны гэрэл мэт шууд чиглэн очиж байх болтугай.
Яг одоо өвдөж, шаналж байгаа нэгэн Хязгааргүй энэрэнгүй Бурхан-Эхийн өвөрт бүүвэйлэгдэн амгалан байх болтугай. Өр зүрхэндээ итгэлээ бүү алд. Ямар нэгэн шалтгааны улмаас л өвдсөн. 

Харин яг одооноос таны зүрхэнд нэгэн үр суулаа. Тэр бол талархалын үр. Таны төлөө гэсэн бүх хүнд талархаарай. Өвдөж, шаналж уйлж байгаа ч та өөрийнхөө хувь заяанд итгээрэй. Та амьсгалж байна. Амьсгалаар тань боломж, гайхамшиг бүхэн морилон ирэх болтугай. Та чаднаа.

Яг одоо эх орондоо очиж чадахгүй байгаа сэтгэл зүрхний ахан дүүс болсон Төвд орон минь тусгаар тогтносон улс болох болтугай. Нутгийнхаа салхийг үгүйлсэн мянган мянган өдрүүд тань гайхамшигт сайхан чөлөөллийн түүх болох болтугай. Итгэж байна.

Яг одоо та анд найзаа санаж байна уу. Би бүх найзуудыгаа санаж байна. Бүгдэд нь сайн сайхан бүхнийг эгэл нэгэн найз чинь ерөөсөөр л байгаа шүү. Итгэж болноо. Өглөө бүхэн наран манддаг шиг эх дэлхий минь аз жаргалын өлгий болох болтугай.

Шидэд өдрүүд айсуй. Та Шинэ жилийн энэ хэдэн өдрүүдэд амжиж хайртай хүмүүсээ баярлуулаарай. Эх дэлхийн хүүхэд бүхэн сайхан бэлэг авах болтугай. Хүн бүхэн, хүүхэд бүхэн, хорвоогийн бүх бодьгал аз жаргалтай байг.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам