Гэгээхэн хүсэл

Цэв цэнхэрхэн тэнгэрийг би өдөр бүхэн тэврэн авах дуртай.

Гэрэл гэгээг орчлонд тунхаглахдаа гэгээхэн хүслээ дайдаг болоод л тэр байх. . .

Давалгаалан давалгаалах тэнгис далайн эрэг дээр зогсоод
даанч их агуу уудамд нь уяран уярахдаа хэмжээлшгүй Их хайрын дуунд нь орчлонгийн оршихуйн жаргалан шингэснийг мэдрэн мэдрэхдээ би жаргалтай. . .

Шөнийн тэнгэрт асгарсан сувд шивнэн шивнэн аяархан илбэн илбэн энхрийлнэм

Алсын алсад хэдий ч амин зүрхэнд минь дэндүү ойрхон анивчих одод мин
чи жаран жаранг гатлан жаргалангийн далайг эх дэлхийд минь авчирна уу. . . . . .

тэнгэр, тэнгис, огторгуй, одод . . . . . .

Үүлэн цоорхойн гүнээс аажуухан будран будрах зуны үдшийн цас нь үлгэрийн мэт энэ л амьдралыг өчүүхэн надад бэлэглэсэн юм болов уу. . .

.Үүрийн гэгээ, шувуудын жиргээ, хөвөн хөвөх хөгжилдөх үүлс, цас, бороо, салхи, үзэсгэлэнт солонго, энгэр дээр эрхлэх алиахан үрс. . . . . .

Орчлонгийн өчүүхэн эд эс би орь ганцаар хязгааргүйд хөвөөгүй ээ,

сайхан хайраар хамтдаа жигүүрлэсэн та нартаа баярлалаа.

Би Хүмүүн-Бурхадын, Тэнгэрлэг-Бурхадын энэрэл нигүүлсэлд жарганам . . .

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам