Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
...уулс уулсын оройд,
Хаяахан шулганах шувуудын жиргээ, хаа сайгүй чаг чаг хийх царцааны дуу, хажууд минь хамгаалах хонгорхон Чоло . харин би аниргүйн уудмаас анир хайн бэдэрнэм.
Эрлийн үзүүр мухар аж, эрэх хэрэггүй тэмүүлэх хэрэгтэй аж.
Манан буданд би оршном. Наалинхай зөөлнийг л мэдэрнээ.Зөөлөн шивнээ зүрхэнд анирлахад зөндөө удаан түүний тэвэрт эрхэмлэм. Дусал дусал бүхэн нийлж, гэрэл гэрэл бүхэн нэгдэж, амь амьсгал бүхэн оршиж, одоо ирээдүйн мөрөөдөл биелнэм.
Гар дээрээс минь наран мандлаа. Гайхалтай сэрүүхэн өглөө айлчиллаа. Шинэ зам, шинэ аялал хол аваачив. Шинэ бүхэн гэж үнэндээ үгүй аж. Тэнгэр ойрхон цэлийнэ, тэндээс жаргалан буунам. Гэрэл зүрхэнд минь шингэн уусахад гэгээн бүхэн орчлонд хуран чуулнам...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment