Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Таньтайгаа
Таны минь өлмийн чимээ зүрхэнд минь шингэсэн учраас тань руугаа нүүх бодлын минь хэлхээ үл тасардаг юм, таньтайгаа нэгдсэн амь амьсгал минь тэгээд таныгаа хайх хязгааргүйтэй мөнхөд наадан тоглодог юм.
Сайн хүн байх гэж, сайхан хайранд тань саруулжин ухаажих гэж, сэм сэмхэн таныгаа харуулдан, сэмэрч үл барах харгуйгаас уярал хайрын дууг мөнхөд хүлхнэм...
Үүлс хөлөглөн борооноор бөмбөрөхдөө, уулстай хүүрнэн захиас үлдээхдээ өнө удаан жаргалангийн үрийг үр хойч бидэндээ өвлүүлэх өвгөн буурал учир шалтгааны оршихуй таныхаа өлмийн тоосыг мөнхөд дээдэлнэм.
Гэрэл гэгээнээр ирсэн юмсан, оддын тоосонд нуугдсан юмсан, олны дундах орь ганц хязгааргүйсэн одоо яг одоо Таны дүрд бид бүгд хувилнам.
Инээмсэглэ гэрэл гэгээтэй хамт инээмсэглэ, уйтгарла, уйл, уйтай бороотой хамт шивэр, салхил сайхан бүхнийг авчран салхил, итгэ үнэн сэтгэлийн гүнээс зөвхөн итгэ, найд ...
хэмжээлшгүй тансаг бүхэн цалгилж байна, гагцхүү итгэ найд, хар бахад, хүрт мэдэр, хэн хэнээс илүү ганцхан чамд л энэ хорвоо хязгааргүй их итгэл найдвараа чиглүүлсээр л байнам...
орчлонгийн агуу тоглолт Та одоо өнгөрсөн ирээдүй хэмээх цаг хугацааны мөнхийн орон зайдаа жарган жаргасаар...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment