Нараа- фото сурвалжлага Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Монгол Улсын цэргийн багийн Чад улсад үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнууд өчигдөр “Чингис хаан” нисэх буудалд НҮБ-ын “Silver Jet агаарын хөлгөөр эх орондоо газардав. 
Тэд зургаан сарын хугацаанд Чад улс дахь НҮБ-ын мандаттай MINURCUT ажиллагаанд 19-36 насны 260 гаруй хүн хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгээд ирж байгаа  нь энэ юм.












 Цэрэг эрсийг угтан авахаар Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын ерөнхий зохицуулалтын цэргийн командлалын  штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, 150 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Дугаррагчаа нар ирсэн байв.
“Чингис хаан” нисэх буудлын орчим хотын төвөөс илүү хүйтэн байдаг тул 22.00 цагийн орчим гадаа хасах 30 орчим хэмийг зааж байлаа. Харин онгоцноос буух дайчдын хувьд Чад улсад нэмэх 40 хэмийн дулаантай байхад ирж байгаа тул цаг агаарын огцом өөрчлөлтөөс болон хатгаа авах вий дээ гэж сана зовж зослоо.

Учир нь бидний хэдэн сэтгүүлчдийн гар бээрээд аппарат, камераа барихад ч хэцүүхэн байсныг нуух юун. Гэвч цэрэг хүн гэдэг тэсвэр хатуужлын бодит жишээ тул тэд Чадад өмсөж байсан хувцастайгаа онгоцноос бууна гэдгийг албаныхан хэлж байв. Удалгүй онгоцны хаалгаар  цэргийн багийн захирагч, дараа нь Монголын болон НҮБ-ын тугийн барисан цэргүүд гарч ирлээ. Тэдний араас цэргүүд ээлжлэн шатаар бууж, Хөгжмийн цэргүүд тэдэнд зориулан марш тоглож байсан юм. 260 гаруй хүн онгоцноос гарахыг хүлээнэ гэдэг багагүй урт хугацаа санагдсан шүү. 
Цэргүүд онгоцноос гарч ирээд ачаагаа буулган эгнэн жагссаар  хамгийн сүүлийн цэрэг эгнээндээ ороход цэргийн багийн захирагч Л.Гансэлэм Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Бадамбазарт рапорт өгөв. Хурандаа Ж.Бадамбазар цэргүүдэд хандан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр амжилттай биелүүлээд ирсэн цэргийн багийнханд баяр хүргэв. Тэд хариу мэндчилгээ үзүүлэн удирдлагуудын өмнө жагсаалаар явж өнгөрөн ачаагаа авцгааж, унаандаа суун Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг зорилоо. Учир нь  цэргийн ар гэрийнхэн тус ангийн гадаа дулаан хувцас, унаа тэрэгтэй дайчдыг хүлээж байгаа аж.

Биднийг 150 дугаар ангийн гадна очиход наадам болж байна уу гэмээр унаа тэрэг зайгүй эгнэж, цугласан хүмүүс нь бүүр ч их байлаа. Дайчид  эхлээд 150 дугаар ангийн дэргэд байрлах, “Тусгай салаа” киноны 013 дугаар анги хэмээн олны танил болсон цэргийн ангийн спорт зааланд цуглав. Тэнд багийн захирагч Л.Гансэлэм цэргүүдэд хандан хоёр хоног амраад, ирэх даваа гаригийн өглөө Цэргийн төв клиникт хүрч ирэхийг даалгав. Учир нь үүрэг гүйцэтгэж ирсэн цэргүүд цөм эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ордог аж.

Цэргүүдэд үүрэг өгсний дараа тэднийг гадаа байгаа ар гэрийнхэнтэйгээ хурдан уулзаж, дулаан хувцасаа өмсөхийг үүрэг болгов. Энэ үеэр багийн захирагч болон цэргүүдтэй цөөн хором ярилцсан юм. Учир нь гэрийнхэнтэй уулзахыг хүссэн цэргүүдийн хурдан хөдөлгөөнд заалны шал доргиж, бидэнтэй ярилцах зав гаргахааргүй догдолж байгаа нь харагдаж байлаа.
Цэргийн багийн захирагч Л.Гансэлэм
Манай цэргийн багийнхан Чад улсад зургаан сар үүрэг гүйцэтгээд ирлээ. Бид тус улсад үүрэг гүйцэтгэсэн хоёрдох ээлж бөгөөд  бас хамгийн сүүлийнх нь. Цэргийн багийн  гол үүрэг нь түргэн байрлах хүчний алба буюу шаардлагатай газарт, зохих арга хэмжээг бие даан хийх эрхтэй. Агаарын болон газрын гэлтгүй үүрэг даалгаврыг биелүүлэн байлдааны бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн. Энэ зургаан  сарын хугацаанд дөрвөн удаа зэвсэгт бүлэглэлийг таслан зогсоох, 10 гаруй удаа түргэн байрлах яаралтай ажиллагаанд оролцлоо.
Тасгийн захирагч Т.Энхбаатар
Миний хувьд тав дахь удаагаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирж байна. Би 150 дугаар цэргийн ангиас Чад улсад үүрэг гүйцэтгэхээр томилогдон тасгийн захирагчаар ажилласан. Үүрэг даалгавараа амжилттай биелүүлээд ирлээ.
Ахлах дэслэгч Н.Батсайхан
Миний хувьд өмнө нь Сьерра Леонд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Цагийн байдал тогтворгүй, өдөр бүр цаг наргүй байлдааны бэлэн байдалд ажиллаа. 084 дүгээр ангиас  үүрэг гүйцэтгэхээр явсан.

 эх сурвалж :     NEWS.MN-ийн сурвалжлагч П.Наран

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам