Миний үлгэрүүд- Үзэг

Хээтэй, хээгүй, үсэгтэй, зурагтай, өнгөлөг, мөнгөлөг гээд л хачин чамин цаасан дээгүүр би гүйж байна. Хүмүүс намайг үзэг гэдэг. Харин  би өөрийгөө ид шидтэн гэж боддог. Үнэндээ намайг бас мөрөөдөл гэж нэрлэсэн ч болно.
Сайхан сэтгэлтэй нэгний гарт очвол үлгэр мэт сайхан бүхэн амилдаг юм.


Харин саваагүй нэгний гарт орвол дэмий сараачсан цаас маань хогийн саванд базагдан хаягддаг.

Гэхдээ л би цаасан дээгүүр гүйх, нисэх дуртай. Миний хамгийн аз жаргалтай мөч бол бяцхан  булцгархан гарын илчэнд  дулаацах тэр агшин.  Тэр үед би баяр бясгаланд умбаж, дэгдээхэй шиг  дэгдэн гүйж, эрвээхэй шиг эргэлдэн нисдэг юм.

Нэг л өдрийн дотор би цас  бас бороо болон орж,  шүүдэр болон дэгдэн мөрөөдлийн орон руу хөөрдөг юм.

.... хачин жигтэй, дэндүү дэгжин  цасан дээгүүр би гүйж байна. Анх би тэнгэрээс зарлиг буулгададаг тэр л чиглэлд  нисдэг байхдаа үлгэрийн мэт эмх цэгцтэй  хичээнгүйн ертөнцөд амьдарч байсан юм.

Харин өнөөдөр лимбэний эсвэл төгөлдөр хуурын даруул дээгүүр гүйх адил нисэн дүүлдэг шидтэн болжээ би.

тэгээд л орчлон дээрх  цаг хугацаа, орон зайд үл тээртэн бодлын хөлгөөрөө нисэн дүүлж, хязгааргүй бүхнийг бяцхан  зүрх сэтгэлээрээ дамжуулан бичдэг  болохоороо үзэг бид чинь үнэндээ ямар их аз жаргал, баяр баясгаланд умбаж байдгийг  мэддэг ч болоосой.

Хэзээ нэгэн цагт  ҮЗЭГ  хэрэглэхээ больчихвол яах бол...?

гэхдээ л яг одоо, яг одоо цагтаа л би хайртай. Энэ биеэ барагдтал, эзэн таныхаа үнэнч зарц чинь,  хайртай анд  чинь болсондоо баяртай байдаг юм  шүү.

Би бол дэгжин хөөрхөн үзэг байна. Хүмүүсээ би та нартаа хайртай...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам