Эх орон хаана байдаг вэ?



Би өмнө нь эх орондоо байх нь юу юунаас илүү чухал гэж боддог байлаа. Тэгээд ч тэр үү Монголын маань оюунлаг, тэнгэрлэг, ухаалаг гээд л хамаг сайн гэсэн хүмүүс эх орноосоо холын холд амьдарч байгаад их бухимддаг байсан юм. Гэтэл би л буруу бодоод байсан юм байна. Учир нь  эх орондоо амьдран байгаа мөч бүрийнхээ үнэ цэнийг мэдрээгүй мөртлөө, өр зүрхэндээ эх орноо цохилоосон тэднийгээ ойлгодоггүй байсан юм байсан шүү дээ.

Нэр алдар, эд хөрөнгө нэг л өдрийн шуурганаар хийсэн одно, харин сэтгэлийн гүндээ эх орноо оршоосон байхад гэрэлт нарны цацраг мэт итгэлтэйгээр өөрийгөө болон өрөөлийг гэрэлтүүлэн илч дулаанаа аниргүйхэн түгээдэг байсан юм байна тэд минь. Ингэхлээр:

Эх орон хаана байдаг вэ?

Эх орон бол өр зүрхэнд байдаг юм байна.
Эх орон бол эх орноо гэсэн тэмүүлэлд байдаг юм байна.
Эх орон бол эх орон руугаа нисгэсэн бодол бүхэнд байдаг юм байна.

Эх орон хаана байдаг вэ?

Эх орон бол амандаа аялдаг ардын дуун дотор нь байдаг юм байна.
Эх орон бол алиалан ярьдаг үлгэр домогт нь нуугдаж байдаг юм байна.
Эх орон бол энгэрт нь бөхлөөтэй дээлийнх нь товчинд дуурьсаж байдаг юм байна.
Эх орон бол тэргүүнд нь залагдах тоорцогонд нь шингэж байдаг юм байна.
Эх орон бол өргөөнд нь залагдсан Монгол юм бүхэнд нь анирлаж байдаг юм байна.

Эх орон хаана байдаг вэ?

Эх орон бол дээр залрах Мөнх тэнгэрийн уудамд байдаг юм байна.
Эх орон бол нутгийнх нь зүгээс салхилах салхины сэвшээнд нь байдаг юм байна.
Эх орон бол сэтгэлд нь уугих арц, аргалын үнэрт нь хорогддог юм байна.
Эх орон бол сэмхэн харамладаг нандин бүхэнд нь байдаг юм байна.

Эх орон хаана байдаг вэ?

Эх орон бол өвгөдийн барьсан хөөрөгний уутанд ч, эмгэдийн оёсон ширмэл эсгийнд ч, эх орны босоо төрсөн унагатай, эрхлэн буйлах ботгоны нулимстай, хөвчид урамдах бугын урамдаантай, хөх саарал чонын омог бардамналтай, намар бөхийх тариан түрүүтэй, нааш цааш нисэх шаазгайн шагшираатай, эх   нутгийн хязгаарт зогсох эр цэргийн хурц сонортой, хонгон дээрээ тамгатай хөх Монголын шинэ төрсэн үртэй хамт байдаг юм байна.

Эх орон хаана байдаг вэ?

Эх орон бол эх оронч хэн бүхний өр зүрхэнд, амь амьсгал бүрд нь амьдарч байдаг юм байна.  Эх орон бол танд, надад, эх орноо үгүйлж байдаг бүхний, эх орноо гэсэн хэн бүхний итгэлд байдаг юм байна.

Үйлс хөдлөл бүрийнхээ үнэ цэнийг ухаарсан
Үндэс мөчир мэт эх оронтойгоо бат барилдлагаатай
Миний Монголын эрхэмсэг, эрэлхэг үрс та нартаа
Мөнх Тэнгэрийн гэгээн ерөөлөөр мөнхөд Монголынх байхыг ерөөе.

Та заавал зорьсондоо хүрэх гал халуун итгэлээр дүүрэн байх болтугай. Учир нь Та бол босоо төрсөн унага, Та бол тэнгэрээс заяатай Тэмүүжиний үр сад, Таньтай хамт Их Монголын түүх бичигднэм ....

Эх орон хаана байдаг вэ?

Эх орон бол өр зүрхэнд байдаг юм байна.
Эх орон бол эх орноо гэсэн тэмүүлэлд байдаг юм байна.
Эх орон бол эх орон руугаа нисгэсэн бодол бүхэнд байдаг юм байна.

3 comments:

  1. ...
    алтран шаргалтах элсээ би зүүдэлдэг
    аажуухан урсах мөрөндөө умбах би дуртай
    айрагны хөхүүрийн дэргэд хуруудах бүр ч дуртай
    аарц, ааруул хүлхэж өссөн Монгол гэдгээрээ бахархнам би....

    ...

    энэ булчинлаг залуу бол миний дүү Золоо маань юм шүү дээ. Гурав дөрөвхөн настайгаасаа намайг хормойдож эрхэлж өссөн бяцхан дүү минь. Одоо алс холын Америкт амьдардаг юм. Маш их санаж байна даа дүүгээ...

    ReplyDelete
  2. Өнө эртний үед ч бай, өнөө цагт ч бай хүн хаа байх нь хамаагүйээ дүү минь... Өр зүрхэндээ Эх Ороноо тээж явдаг юм. Чингис хааны баатарууд ч, энэ цагийн баатарууд ч Эх Ороноо элэг зүрхэндээ тээж л яваа...Чи онож хэлжээ, олж харжэээ...

    ReplyDelete
  3. uneheer saihan bichleg baina shuu.taalagdlaa mash ih setgel hudolloo

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам