Сүүн зам


Сайн байна уу ээжээ, охин нь шөнө таныг зүүдэллээ. Таны минь нандигнан хайрладаг эрхиний утас тасарч байх юм миний зүүдэнд. Ээ халаг гэж...

Өдөр хоног өнгөрөх бүр бид хорвоогийн жамаар нэгэн туйл руу тэмүүлж байгаа ч таньтайгаа улам ойр, хамтдаа байж, таныхаа аз жаргалтай инээдэнд хөлбөрөн байхыг ямар их хүсэж байна гээч ээж минь.

Энэ замбуулинд

зөвхөн Монгол эхчүүд л үр хүүхэд, эх нутгийнхаа сайн сайхны төлөө цайныхаа дээжийг тэнгэртээ өргөдөг болохоор миний Монголын мянга мянга эхчүүдийн хайр сүүн зам татуулан хайр энэрэлээр энэ орчлонг ч бас уяраан зөөллөж байдаг билээ.

Миний сайхан ээжүүд минь ээ таньдаа үр хүүхдүүд нь дэндүү их хайртай.

Эвий минь ээж минь үр хүүхэд бидэндээ Та юугаар ч солишгүй нандин эрдэнэ минь билээ. Таныг минь энэ замбуулгийн бүхий л хайр хязгааргүй ихээр ивээн тэтгэж байх болтугай.

Таньдаа сөгдөн мөргөмү...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам