Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
гэмгүй дэндүү гэмгүйхэн гэнэн хүүхэд адил нэгэн энд байсан юм.
... Өглөөн наран мандах шиг гэмгүйхэн өхөөрдөм бяцхан гар өөдөөс минь сарвалзана. Түүнийг тэврэн сэвлэгийн үнэрт нь мансууран бүүвэйн дуу аялах юугаар ч сольшгүй жаргал билээ.
... анхны уйлах дуу, анхны хөдөлгөөн, анхны мишээл, анхны алхам, анхны юм бүхэн нь бид бүхэнд гэрэл гэгээ адил баяр жаргаланг өр зүрхэнд минь авчирдаг.
... өсөн өндийхийн хэрээр өөрийгөө мэднээ хэмээн омогших үед ганц хан эх хүн л нялх танхилаар нь бодон үрээ юм бүхнээс өмөөрөн хамгаалсаар хязгааргүйд чимээ аниргүйхэн уусан нэгддэг.
... харин өнөөдөр цаг болжээ.
Тэрээр одоо түүний ээлж ирж. Хэзээ ч дуусахгүй мэт цаг хугацаа түүний хувьд ингээд л цэг. Бид энэ орчлонгоос явах тэрхэн үедээ эхлээд эхийгээ дараа нь гэр орон эх нутгаа дараа нь эцэг тэнгэрээ хараад тэгээд л яг л хязгааргүйд үргэлжлэх нэлэнхүй орчлонгийн гэрэл адил хэмжээлшгүй хязгааргүй бүхэнтэй баяр баясгалантайгаар нэгдэн оддог.
... өнөөдөр гэмгүйхэн өхөөрдөм олон хүмүүн энэ хорвоод мэндэлж байна, өнөөдөр гэмгүйхэн олон олон бидний хайртай хүмүүс ч бас одож байна.
Бидний хайртай байсан байгаа бүхэн нэгэн мөчид ирнэ одно, харин тэд хязгааргүйтэй нэгдэхдээ бидний хайраар замаа гэрэлтүүлэн, энэ хорвоогоос одсон хайртай хүмүүсийнхээ байдаг тэр л орон зайн хязгааргүйн дундах гэрэлд уусан нэгддэг юм.
Битгий уйл даа, тэд хайртай бүхэн дээрээ очиж байгаа юм шүү дээ. Бид шинээр мэндлэх нэгнээ тэсэн ядан хүлээдэг шиг биднээс хагацан одож байгаа бидний хайртай бүхэн бас л хайртай хүмүүсийнхээ түрүүлээд очсон тэр л нэгэн хязгааргүй гэрэл гэгээгээр дүүрсэн бүхий л зүйл нь, оршнол нь, цаг хугацаа нь жаргаланд хувилсан гэрлийн орноо очиж байгаа юм шүү дээ. Тэд минь бидэндээ эргээд л өдөр бүхэн нар болон ирдэг юм, тэд минь өдөр бүхэн бидэндээ салхи бас бороо болон ирдэг юм.
... мөч бүхэнд орчлон хорвоо өөрчлөгдөн хувьсан хөгжиж байна, мөч бүхэнд бид бүхнийг бүтээн бий болгож бас хүү сөнөөн уусгаж байна. Орчлонгийн агуу тоглолт үргэлжилсээр ...
гэмгүй дэндүү гэмгүйхэн гэнэн хүүхэд адил нэгэн энд байсан юм. Харин одоо та минь хайртай бүхэн дээрээ оч доо. Таны эцсийн амьсгал таны эцсийн хүсэл зөвхөн өргөө гэр өөдөө байсаан, таны бүхнийг хайрлах нинжин хайрыг үүрд дурсан санах болно ах минь...
яг л жаахан хүүхэд адил хүн бүхэнд туслах дуртай тэрхүү эрхэм занг үүрд дурсанаа дүү нар нь...
Ум ....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete