Хаврын эхэн сэрын Шидэт 15 өдрүүд

ХАВРЫН ЭХЭН САРЫН ШИНИЙ НЭГНЭЭС АРВАН ТАВНЫГ ХҮРТЭЛХ ИХ ДҮЙЧЭН ӨДРҮҮДИЙН ТАЙЛБАР

Бурхан багш бээр олон шавь, өглөгийн эздийн сүсэг бишрэлийг арвитган зохиохын тухайд хагас сарын турш рид хувилгааныг үзүүлэн зохиосон байдаг. 

Тухайн цагт бурхан багштай мөчөөрхөн тэмцэлдэгч нар олон байсан ба тэдгээр бүгд Магада улсын хаан Бимбисарад бараалхаж: - Бид Бурхантай рид хувилгаанаар тэмцэлдэх хүсэлтэй байна гэсэнд хаан эс зөвшөөрсөнд тэд бүгдээр Бурхан багшийг тэмцэлд дуудаж, бидэнтэй олон түмний өмнө рид хувилгаанаар тэмцэлдэе хэмээсэнд бурхан багш зөвшөөрчээ. 

Ингээд гал луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн хагас сарын турш өдөр бүр Бурхан багш ид шидийг үзүүлсэн цадигтай. 

Шинийн нэгний өдөр:
Энэ өдөр Гэгээн ялгуулсан хаан Бурхан багшийг номын хуримд залах цаг дор газар хатгасан шүдний чигчлүүр мод тэр дариудаа гол, мөчир, үндэс нь долоон эрдэнийн мөн чанартай, таван багцадын хэмжээтэй, мөчир бүрээс нь цэцэг навч дэлгэрэн дэлгэрсэн үзэсгэлэн төгөлдөр мод болон хувирчээ. Энэ модны гэрэл нь нар, сарыг сүрээр дарж, анхилуун тансаг үнэр нь бүхэнд таашаагдаж, салхины аясаар намилзан найгахад нь номын дуу дуурсан дуурсаж байсан ажээ.

Шинийн хоёрны өдөр:
Энэ өдөр Удраяана хаан бээр Бурхан багшийг хүндлэн биширч эхлэхүй зүүн баруун зүгт нь байсан хоёр уул амар амгалан хутгыг олж үндэс бүхэн дэлгэрсэн үзэсгэлэн төгөлдөр эрдэнийн уул болон хувирчээ. Баруун ууланд хүмүүн төрөлхтөн хотол төгс буян үрийг эдлэн жаргахуй, зүүн ууланд нь адгуус амьтад эх болсон шимт байгалиа бишрэн айх аюулгүй амар жимэр цэнгэн найрсаж буйг үзүүлжээ. 

Шинийн гурваны өдөр:
Энэ өдөр бурхан багшийг Шүнчидала хаан бээр тахиж хүндлэхийн цаг дор нүүрээ угаасан ус нь дусагнан буухдаа найман гишүүн төгөлдөр усаар рашааны дээд элбэг, 200 багцадын хэмжээтэй, долоон эрдэнээр чимэглэсэн, тэрэгний дугуйны мөөрний дайтай дугуй дугуй гэрлүүдээс нь өнгө өнгийн туяа сацарсан үзэсгэлэнт нуур болгон хувиргажээ. 

Шинийн дөрвөний өдөр:
Энэ өдөр бурхан багшийг Индраварма хаан тахиж хүндлэхүйн цаг дор урд өдрийн хувилгаж буй болгосон рашаан нууранд дөрвөн талаас нь найман салаа гол гарган урсгаж бас эргүүлэн нуур луу нь цутгуулжээ. Энэ үеэс нуур луу нь эргэн цутгаж буй голын дуунаас нь Бодийн гишүүн долоо, Хутагтын найман мөр, Найман гишүүн, Гурван намтар, Зургаан барамид, Дөрвөн цаглашгүй тэргүүтэй номын дуу дуурсаж байжээ.

Шинийн тавны өдөр:
Энэ өдөр Ариун өглөгт хаан хүндлэн дээдлэхүй цаг дор Бурхан багшийн нүүр царайнаас 3000 ертөнцөд гэрэл түгэн сацарчээ. Энэ гэрэл гэгээ биед нь туссан хүмүүн бүгдийн сэтгэлийг гурван хор, таван түйтгэрээс ашид хагацааж бие сэтгэл нэн амгалан байхаар хувилгажээ.

Шиний зургааны өдөр:
Личчива нар өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ бурхан багш бээр олон нөхдийг нааш цааш нэг нэгнийхээ санааг мэдэлцэх хийгээд тус тусын буян нүглийн үйлийг мэдэх болгон зохиосонд бүгдээр баясан цэнгэв. 

Шинийн долооны өдөр:
Энэ өдөр Бурхан багшийг Шагжаан язгууртан нугууд залжээ. Тэр үед Бурхан багшийн шавь нөхөд бүр тус тусдаа Хүрдэн эргүүлэгч их хаан болоод, хаан төрийн долоон эрдэнэ, 1000 хөвгүүн, жижиг хаад болон олон түшмэлээр хүрээлүүлэн дээд номыг гүйцэд эдлэн буйг харуулахуйд тэнд цугласан бүгдийн сүжиг хүндлэл улам дэлгэрчээ. 

Шинийн наймны өдөр:
Энэ өдөр Хурмаст тэнгэр бээр арслант ширээ бэлтгэн бурхан багшийг залжээ. Ингээд бурхны гэгээнээ Хурмаст бээр тахихын цаг дор Бурхан багшийн баруун мутрын үзүүр ширээнд хүрэхүйд их дуу гаран Очирваань бурхан нарч ирэн гал бадарсан очироор тэрсүүдийн багш нарыг үлдэн хөөжээ. Ингээд мянган тэрсүүд Бурхан багшийн шашинд орж гэлэн болон ном заалгаж нирвааны хутгийг олж буйг үзүүлжээ.

Шинийн есний өдөр:
Энэ өдөр Эсура тэнгэр бээр тахихуйд Бурхан багшийн тэргүүн нь Эсурагийн \тэнгэрийн орон\ оронд хүрч тэгэхдээ бие лагшин нь огторгуйн энг огт халхлахгүй шил шиг тунгалаг байгааг бүгд илт үзэж буйг харуулан хувилгажээ. 

Шинийн аравны өдөр:
Энэ өдөр Бурхан багшийн дөрвөн махаранз тахихуйд Бурхны гэгээний бие лагшин орчлонгийн дээд хязгаарт хүрч буйг цугласан бүгдээрээ харж зарлигласан номыг нь нийтээрээ илхэн сонсож буйг харуулвай.

Шинийн арван нэгний өдөр:
Энэ өдөр Итгэлгүйд бээр тахихын цагт Бурхан багш арслант ширээнээ залрахуйяа бие лагшин нь эс үзэгдэн олон мянган гэрэл түгэн сацарч, зарлигаар ном айлдсаныг нь олон түмэн сонсож буйг үзүүлэн хувилгажээ.

Шинийн арван хоёрны өдөр:
Энэ өдөр гэргийтэн Чита бээр урин залахын цагт бие лагшинаас нь бясалгалын хүч болох алтан өнгөт гэрэл сацран дэлгэрч 3000 ертөнцийг гийгүүлэн, Бурхны гэрэл туссан амьтан бүгдийн сэтгэлийн гурван хор арилж хамаг амьтан бие биедээ эцэг эх, ах дүү мэт эв найртай болж буйг үзүүлэн хувилгажээ.

Шинийн арван гуравны өдөр:
Энэ өдөр Бурхан багш хаан Шүнчиндалагийнд морилон залрахуйд хүйснээс нь долоон алд гэрэл сацарч түүний үзүүрт хорол бүхий чимэг сэлттэй Бурхан багшийн лагшин нэгээс хоёр, хоёроос дөрөв, дөрвөөс найм, наймаас арван зургаа гэхчилэн хоёр дахин, дахин томорсоор 3000 ертөнцийг дүүргэж байгаа нь бүгдэд илт болон хувилжээ. 

Шинийн арван дөрвөнд:
Энэ өдөр Удраяана хаан Бурхан багшийн тахихдаа маш их цэцэг өргөн дээдлэхүй өндөр нь Цанба тэнгэрийн орон хүрсэн, зэндмэнээр хээлсэн 1250 тэрэг тус бүрд Бурханы гэгээн хувилан заларч гэрэл, сүр нь 3000 ертөнцөд тарж буйг үзүүлжээ. 

Шинийн арван тавны өдөр:
Энэ өдөр Бурхан багш Бимбисара хааныд морилон залрахуй бие сэтгэл үлэмж амгалан болдог 100 амтат идээгээр сав бүгд бялхжээ. Бурхны гэгээн баруун мутраараа газар хатгахуйд 18 тамын амьтны уйлан гаслах, орь дуу тавьж буй нь бүхэнд ил болжээ. Айж эмээн орчлонгоос уйсгуур төрж зарим нь их нигүүлсэнгүй болж буйг, зарим нь нирваан, үлэмж эрдмийг олж буйг харуулжээ.

Энэ өдрүүдэд шиний найманд Манал бурханы, арванд Ловон Бадмажунайн, арван дөрвөнд Өндөр гэгээн Занабазарын давхар тэмдэглэлт өдөр тохиодог ба Хүрээ хийдүүд энэ өдрүүдэд 32 магтаал, ерөөлүүдийг хурж, маань татаж, ном хаялцдаг уламжлал тогтож, сүсэгтэн нар хүрээ хийдүүдэд хурал ном хуруулж буян хураадаг уламжлал тогтоод байна.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам