Бид бол Бяцхан хүүхдүүд


Өнөөөдөр би  Упанишад судрийн
... Хотол баясгалангаас ахуй орчлонд ирэв бид
Хотол баясгалангийн дунд торнин өснөм бид
Аялалынхаа эцэст Хотол баясгаландаа эргэн одох болно хэмээх мөрүүдийг түмэнтээ давтаж байна.
Хаяа хүний амьдрал утгагүй мэт санагдан хаашаа амьдралын завиа залуурдахыг мэдэхээ байж, яг л манан дунд ганцаараа төөрөх үе тохиолддог. Би яг одоо манан дунд төөрчээ. Тэр манан  дундаас амьдралын зөв зам руу ороход тэр зүг рүү чиглэхэд надад юу хэрэгтэй вэ...
Мэдээж хүн төрөлхтөн хэдэн арван зуун жил энэ хорвоод ирсэн  бас буцсан. Нэгэн нэрээр нэг газар ирнэ, дараагийн удаад өөр нэрээр огт  өөр газар ирнэ.
Хэдийгээр хүмүүний амьдрал төгсөшгүй үргэлжлэх  мэт боловч өдөр өдөртөө,  сар сардаа, жил жилдээ нэгэн төгсгөл нэгэн эхлэл ирдэг болов уу. Ингэж л бидний амьдрал, бидний амьсгалах агаар, бидний итгэл найдвар, бидний хайр бахдал шинэчлэгдэн хувирч эцсийн эцэст гэрэл гэгээ өөд тэмүүлсээр л байдаг байх даа.

Тийм ээ анд минь та би бид бүгдээрээ энэ орчлонгийн салшгүй эд эс нь болсон сэтгэлийн  анд нөхөд, нэгэн амин судлаар холбогдсон аугаа том гэр бүлийн нэгээхэн хэсэг нь, тийм учраас л бид бие биедээ урам хайрлаж, бие биедээ халуун дулаан үг хэлж, бие биенээсээ цэнэг тэжээл итгэлийн гал дөлийг авч, басхүү зарим үед зүгээр л тэдний хайрыг холбож өгч байдаг.

Аугаа том урсгал, аугаа том итгэл найдварын шидэт дэнлүү бидний гарт байдаг аж. Тэр дэнлүү энэ хорвоо дээр мөнхөд бадамласан,  хэзээ ч мөхөхгүй буй за.
Иймийн учир юм бүхэн бидэнд байдаг юм байна, бас юм бүхэн байхгүй байдаг юм байна.  Байгаа нь байхгүйдээ, байхгүй нь байгаадаа байраа тавьж өгдөг нь хорвоогийн тоглолт юм бол хайр харуусал, итгэл цөхрөл энэ бүхэн бүгд л нэг л нэртэй юм байна. Тэр бол хайр.

Бидэнд бидний гүнд хайр байгаа цагт бид хэн нэгнийг уучилж өршөөнө, бас хэн нэгнээр хайрлуулна. Яг л алтан нарны илч гэрэл тасардаггүй шиг, яг л агаар хэмээх бидний холбоо мөхөдгүй шиг бид хорвоогийн мөнхийн тоглолтийн нэгээхэн хэсэг нь учраас бидэнд энэ орчлон тэр чигээрээ байгаа юм байна.

Хэдийгээр  амьсгалахад хүнд хэдий ч энэ бол амьдрал, бас эхлэл.  Гэрэл гэгээ өөд тэмүүлсэн хэн бүхэн гэгээн тэнгэртээ дүүлдэг нь орчлонгийн жам буюу.
Тиймээ бүгдээрээ сэтгэл хэмээх аугаа тэнгэртээ цэнгэл жаргалаар дүүрэн нисэн дүүлцгээе.  Зүгээр л баяр жаргаланд умбан умбан дүүлье, зүгээр л өөрөө өөрөөрөө байж болох тэр л тэнгэрийн хаяа руу өндрийн өндөрт улам дээдийн дээдэд дүүлье хамтдаа.
Бид бол хувь заяаныхаа эзэд нь бид бол энэ орчлон дээр баярлах гэж, дуулах гэж, уйлах гэж төрсөн Бяцхан хүүхдүүд...

... Хотол баясгалангаас ахуй орчлонд ирэв бид
Хотол баясгалангийн дунд торнин өснөм бид
Аялалынхаа эцэст Хотол баясгаландаа эргэн одох болно...

1 comment:

  1. Блог гэдэг ертөнц лүүгээ эргээд нэг шагаймаар санагдав. Дөнгөж саяхан нийтэлсэн дүүгийн бичлэг миний блогт холбоосоор дурайгаад харагдах. Гэгээлэг сайхан зүйл уншаад, сэтгэлд гэрэл гийв. Баярлалаа.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам