Язгуурын 5 бурхан

Язгуурын таван бурхан: Огторгуй махбодыг бэлгэдсэн мандлын төв дунд цагаан өнгөт Машид гийгүүлэгч (сам: Вайрочана, төвд: Намнан) бурхан заларна. Огторгуй махбодын сөрөг илэрхийлэл нь түнэр харанхуй бол эерэг илэрхийлэл нь гэгээн саруул орон зай юм. Ухамсаргүйн сөрөг эрчим хувирснаар гэгээн саруул номын чанарын билиг төрдөг. Номын чанар нь хуурмаг төсөөллийн хөшиг ярагдсан үед билгийн мэлмийд харагдах оршихуй. Бодлын мананд авталгүй, ажиглагч буюу гэрчлэгч ухамсрын төлөвт орших нь номын чанарын билгийг эзэмших түлхүүр болдог.

Усан махбодыг бэлгэдсэн дорно зүгт хөх өнгөт Үл хэлбийгч (сам: Акшоба, төвд: Мижод) бурхан заларна. Усан махбодын сөрөг илэрхийлэл нь оволзсон үер ус бол эерэг илэрхийлэл нь дөлгөөн нуурын тунгалаг мандал юм. Уур уцаар, айдас түгшүүрийн сөрөг эрчим амирлан номхорсноор толь мэт тунгалаг билиг төрдөг. Бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч, түүнд зохицон урсах нь толь мэт билгийг эзэмших арга ажээ.

Шороон махбодыг бэлгэдсэн өмнө зүгт шар өнгөт Эрдэнэ үүдэгч (сам: Раднасамбава, төвд: Ринжүн)бурхан заларна. Шороон махбодын сөрөг илэрхийлэл нь хувхай хоосон цөл бол эерэг илэрхийлэл нь үр жимс хайрлах үржил шимт хөрс билээ. Харамч шунал, бардам омгийн сөрөг эрчим хувирснаар тэгш чанарын билиг төрдөг. Харам, омог хоёулаа минийх хэмээн өмчирхөж, бусдынх хэмээн басамжлах алагч сэтгэлээс үүдэлтэй. Хорвоо ертөнцөд юу өгч байна, түүнийгээ эргүүлж авдаг жам ёсыг ухааран сайн сайхнаа түгээж явах нь тэгш чанарын билигт хүрэх зам мөр юм.

Гал махбодыг бэлгэдсэн өрнө зүгт улаан өнгөт Цаглашгүй гэрэлт (сам: Амитаба, төвд: Одбагмэд) бурхан заларна. Гал махбодын сөрөг илэрхийлэл нь түлж шатаах түймрийн гал бол эерэг илэрхийлэл нь амьдрал тэтгэх халуун дулаан илч буюу. Хүсэл тачаалын сөрөг эрчим хувирснаар тус бүрчлэн онох билиг төрдөг. Очир хөлгөний ёсоор бол сав, шим ертөнц уг чанартаа гэгээн гэрлийн хот мандал юм. Түүнийг сэрж мэдрэх амсуур бүхэнд бэлгэ билгийн мөн чанар оршдог. Эгэл үзэгдлийн цаана нуугдаж буй бурханлаг гоо сайхныг мэдэрч, жаахан зүйлээс ч гүн таашаалыг авч байх нь тус бүрчлэн онох билгийн туршлага болно.

Хий махбодыг бэлгэдсэн умар зүгт ногоон өнгөт Үйлс бүтээгч (сам: Амогасиди, төвд: Дондүв) бурхан заларна. Хий махбодын сөрөг илэрхийлэл нь сүйтгэл тарих хуй салхи бол эерэг илэрхийлэл нь бүгчим энэлгээг тайлах сэрүүн сэвшээ юм. Атаа жөтөө, өрсөл тэмцлийн сөрөг эрчим хувирснаар үйлс бүтээгч билиг төрдөг. Ажил үйлдээ чин сэтгэлээсээ хандаж, өрсөлдөх үүднээс биш, өөртөө аз жаргал, бусдад тус болох үүднээс хийж явах нь үйлс бүтээгч бэлгэ билгийн замнал ажээ.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам